Н.Энхболд: Бид алхам алхмаар ойлголцож байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан тарж тус намын бүлгийн дарга Н.Энхболд, бүлгийн гишүүн С.Бямбацогт Төрийн ордны “Б”танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-аас болж төрийн ажил гацаад байгаа гэж ард түмэн ойлгож болохгүй гэдгийг хэлье. Манай намын байр суурь урьдын хэвээрээ байгаа, бид бүхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож бүлгээ хуралдуулсан юм гэв. Ингээд МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос зарим асуултанд хариулт авлаа.

-Сөрөг хүчин маань нэгдсэн хуралдаанд хэзээ орох вэ?

-Одоогоор чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эсэх, албан тушаал, сандал ширээний талаар яригдаагүй байна. Бид бүхэн байр сууриа тодорхой хэлсэн. Төрийн ажил гацах ёсгүй. МАН сонгогчид иргэдийнхээ эрх ашгийг төлөөлж хуралдаанд оролцох ёстой. Гэхдээ хуралдаан хуулийн дагуу явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр суурин дээрээ бид бүхэн хатуу зогсоно. Чуулганы хуралдаан хуулийн дагуу явах ёстой.

-УИХ-ын чуулганаар хийж байгаа зохион байгуулалтын ажлын талаар юу гэж дүгнэж байна?

-Байдлыг ажиглаж байхад манай намын бүлгийн хурал дээр яригдсан зүйл бол УИХ-д хэдхэн хүнд зориулсан зохион байгуулалтын ажлууд явагдаад байна. Тэгэхлээр УИХ-д урт хугацааны туршид байнгын хороод ямар байх ёстой, энэ асуудлын эцэс нь ямар байх зэрэг асуудлууд байх хэрэгтэй. Хуучин байгуулсан долоон байнгын хороо тухайлбал, Өргөдөл гомдлын байнгын хороог байх ёстой зүйл гэж бодож байгаа. Урьд нь ч яригдаж байсан, бусад парламентад ч байдаг зүйл. Гэхдээ ирцийн тоо буурсан гэх мэт асуудлууд цааш цаашдаа муу үр дагавар дагуулж магадгүй гэж үзэж байна. Тухайлбал байнгын хороодын гишүүдийн тоог арваар багасгасан байгаа. Зургаан хүний ирц бүрдээд дөрвөн хүний саналаар байнгын хороон дээр асуудал шийдэгдээд явах нь гэсэн үг. Энэ мэтчилэн парламентад байж болмооргүй асуудлууд олон бий. Цаашдаа Засгийн газрыг бүрдүүлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй шийдвэрүүд гаргах үйл явц үргэлжилнэ. Энэ тал дээр манай нам албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Аль болох зөв шийдвэр гаргах тал дээр манай нам оролцоно гэсэн байр суурьтай байгаа.

-МАН-аас болоод улсын ажил гацчихлаа гээд яриад байна шүү дээ?

-Одоогийн байдлаар МАН-аас болоод улсын ажил гацаад явахгүй байгаа юм шиг хэвлэл мэдээллээр сурталчилж, хүмүүст буруу ойлголт өгөөд байна л даа. Ерөнхий сайдын асуудал одоо болтол орж ирээгүй байна. Яам тамгаа яаж хуваарилах асуудлаа одоо энэ хуралд сууж байгаа гишүүд шийдээгүй байна. Эдгээр ажлуудын үр дүнг бид харж дүгнэлт хийж байна. Ер нь дахиад хэлэхэд хуулийн дагуу УИХ-ын үйл ажиллагааг гацаахгүй явах тал дээр МАН ажиллаж байгаа.

-Тэгэхлээр чуулганы хуралдаандаа хэзээ орж ирнэ гэж ойлгох вэ?

-Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг ажиглаж байна. Асуудлаа зөв хуулийн дагуу оруулаад ир. Үүний л дараа орно доо. Бид нар хойш нь тавих, хуралдаанд орохгүй байх талаар ерөөсөө яриагүй. Хэзээ яаж орох вэ? Өнөөдөр үү, маргааш уу, яаж оролцох вэ гэдгээ л ярилцаж байна. Энэ талаар бас зөвшилцөл үргэлжилж байгаа. Дээр би Д.Эрдэнэбат даргатай байнгын холбоотой байгаа гэдгээ хэлсэн. Бидний тавьсан гурван асуултыг хэлэлцээд явж байна. Нэгдүгээрт Өвөрхангайн тойргийн шүүх хурал нь маргааш болно. Ном журмынхаа дагуу, түүнчлэн сонгогчдын эрх ашгийг хамгаалсан төлөөллөөрөө дамжаад төрийн эрх барих ажилдаа орох нөхцөл бүрдүүлсэн шийдвэр гаргана гэж бид найдаж байна. Яагаад бид шүүхийн асуудлыг хүлээгээд суугаад байгаа юм бэ гэхлээр манай сонгогдсон хоёр гишүүний эрхийг зөрчөөд хуралд нь оруулахгүй шийдвэрийг гаргасан шүүх бол өөрөө хууль бусаар явагдсан. Энэ явцад анх хэрэг үүсгэсэн хоёр хэргийнхээ нэгийг прокурор хүчингүй болгосон. Эдгээр байдлыг шүүх харгалзан үзэж,хуулийн дагуу ажиллах байх.

-Цэцэд хандсан асуудал юу болж байгаа вэ?

-Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу асуудал тавьсан. Цэц энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх байх. Бид заавал цэц шийдвэрээ гаргасны дараа УИХ-д орно гэсэн байр суурийг баримтлахгүй байгаа.

-Гурав дахь асуудлыг ярьсангүй?

-Гурав дахь асуудлыг бол бид ойлголцчихсон гэж бодож байгаа. Автомат машины эргэлзээг тайлах хяналтын тооллого явуулах тухай асуудал зарчмаараа явагдана гэж ойлголцсон. Харин хэзээ явуулахыг тэр дор нь шийдчих байх гэж бодож байна. Бид алхам алхмаар ойлголцох үйл явц үргэлжилж байна. Парламентын хамгийн наад захын жишиг бол цөөнхөө хүндэтгэж ажиллах, байр суурийг нь сонсож байх зарчим хүртэл байдаг. Манай намын төлөө саналаа өгсөн олон зуун иргэд сонгогчдын үзэл бодол, байр суурь УИХ дээр яригдахгүй. Тэдний бодож саналаа өгсөн тэр зүйлүүд нь яригддаг бол бидний ажил үр дүнтэй болно гэсэн байр суурьтай байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top