Түүнчлэн гурав дахь Ерөнхийлөгчид ял оноохдоо Японы Буддын АгонШюү байгууллагаас Ганданд өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан гэсэн юм. Хэдийгээр Д.Чойжамц хамба “Н.Энхбаяр дарга бид хоёрт бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн ч, Японы Буддын АгонШюү байгууллагаас гаргуулсан “Гэрчилгээ”-нд үндэслэн буруутгаж буй юм. Уг “Гэрчилгээ”-г Авлигатай тэмцэх газраас дээрх байгууллагад хүсэлт гарган, энэ оны хоёрдугаар сарын 20-нд бичүүлж авчээ. Ингэхдээ, АТГ шууд Агон-Шюү байгууллагад хандан дээрх бичгийг гаргуулжээ. Энэ нь шууд утгаараа, олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болсон байна. Учир нь Монгол Японы хооронд Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах гэрээ байдаггүй. Иймээс Японы гадаад харилцаа хариуцсан холбогдох байгууллагаар дамжуулан хүсэлт тавих ёстой байсан гэнэ. Нөгөөтэйгүүр манай хуулийнханд энэхүү телевизийн тоног төхөөрөмжийн талаар дээрх “Гэрчилгээ”-нээс илүү баримт нотолгоотой албан бичиг байжээ. Бүр эрт, 2000 оны хоёрдугаар сарын 21-нд Японы Агон-Шюү байгууллагын тамга болон түүний тэргүүн Кириямагийн хувийн тамга бүхий бичиг. Уг бичгийг дээр байгууллагаас 2000 онд Н.Энхбаярт илгээж байжээ. Хоёр бичиг хоорондоо утгын зөрүүтэй. Анх байсан буюу 2000 онд Японоос ирүүлж байсан бичигт, “УИХ-ын гишүүн Н.Энхбаярт телевизийн зарим тоног төхөөрөмж бэлэглэсэн тухайгаа баталсан” байна. Харин эл бичгийг үл ойшоон АТГ хүсэлт гаргаж, 2012 онд авчруулсан бичиг нь “Телевизийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Ганданд бэлэглэсэн” гэсэн утгатай. Чухамдаа нотлох баримт байсаар байтал түүнтэй дүйцэхүүц албан бичгийг утгыг нь өөрчлүүлэн дахин “олж” хавтаст хэрэгт хавсарган, үүнийгээ нотлох баримт болгон ашиглаж, ял оноосон нь эргэлзээ төрүүлж буй.
Яг ийм үндэслэлээр Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл энэ сарын 3-ны өдөр Японы ЭСЯ-нд хандан хүсэлт гаргажээ. Тэрээр хүсэлтдээ, “Н.Энхбаярыг зохиомол гэмт хэрэгт шийтгэхдээ шүүх Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас 2012 онд танай улсын Буддын Агон-Шюү байгууллагаас авсан “Гэрчилгээ” гэгдэх зүйлд тулгуурлаж ял оноосон болно. Гэтэл энэ байгууллага 2000 оны хоёрдугаар сарын 21-нд Н.Энхбаярт ТВ ба аудио төхөөрөмжийг хандивласан хэмээснээ албан ёсны бланкан дээр үйлдэж, Японы Буддын АгонШюү байгууллагын ерөнхийлөгч Кириямагаас байгууллагын болон хувийн тамгаа дарсан албан бичгийг ирүүлж байжээ. Ийм учраас өмнө дурдсан хоёр баримт бичгийн чухам аль нь албан ёсны эсэхийг тодруулж, Монгол Улсад шударга ёсыг тогтоох үйлсэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэмжилж байна” гэжээ. Тэрээр хүсэлтийн хамт дээрх хоёр бичгийг хавсаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )