УИХ-ын гишүүн, УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлийн дарга С.Ганбаатар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ /Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/-ны удирдлага, УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гишүүд оролцсон юм.
МАОЭНХ-оос ирэх дөрвөн жилд Засгийн Газрын хөтөлбөрт оруулах яаралтай ажлууд байгаа гэдэг саналыг тавьж тус хамтарсан саналыг УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлд гардуулж байгаагаа илэрхийллээ. Олон олон ажил олгогчдийн эздийн зүгээс хамтраад ирэх 2012-2016 оны Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналыг хүлээж авахыг хүсэв.
Ийнхүү тэд УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлд саналаа гардуулсны дараачаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн үгэндээ “ Энэхүү саналыг нь бид бүхэн хүлээж авлаа. Заавал Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт оруулах нь бидний хийх ёстой ажил мөн. Мөн цаашлаад энэ олон тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийднэ. Засгийн Газар гэж өөрсдөө мөрийн хөтөлбөр боловсруулаад ажилладаг зүйл биш ард түмэн өөрсдөө саналаа оруулсанаар түүнийг нь хэрэгжүүлж ажиллах л үүрэгтэй” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Ялангуяа энэ жижиг дунд үйлдвэрлэлийг явуулахад саад болдог хууль эрхзүйн асуудлууд болон татварын дарамтын асуудлуудыг манай бие даагч гишүүдийн холбоо шийдэж ажиллана гэдгээ амалж байна” гэсэн юм.
С.Ганбаатар гишүүн мөн маргааш 11.00 цагаас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаад байна. Өөрийнх нь сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймгийн асуудалд онцгойлон анхаарна гэсэн амлалтаа тэрбээр ийнхүү хэрэгжүүлж эхлээд байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )