МАН маяглаж байж юу ч үгүй хоцрох нь...

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Ард түмний сонголтоор баталгаажсан шинэ парламентын гишүүд тангаргаа өргөн ажилдаа орсноос хойш нэлээн хэдэн өдөр өнгөрчээ. Харин энэ хугацаанд МАН-аас сонгогдсон гишүүд бусад нам эвсэлтэйгээ хэл амаа ойлголцож чадаагүйгээс чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирэлгүй гэдийсээр мөн нэлээд хугацааг үдэж байна.

Парламентын танхимын нэг тал эзгүйрэн, МАН-ын гишүүдийн суудал онгорхой харагдах хэдий ч УИХ-ын чуулган хэвийн хэмжээнд хуралдан, дарга, дэд дарга, байнгын хороодын дарга нараа сонгон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

МАН-ын гишүүдийн бойкот хийх ганц зэвсэг болохоор байсан “Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай заалт”-ыг АН урьдчилан тооцоолж өөрчилснөөр парламентын ажиллагаа гацаанд орохоос сэргийлж чаджээ. Үүний ачаар байнгын хороодоо ном журмын дагуу байгуулан дарга нараа сонгож баталгаажуулав.

Харин одоохондоо МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа учраас бүх албан тушаалын сонголт томилгооны тойргийн гадна үлдэх маягтай байсаар байна. Тэднийг гуйж, аргадан дарга болгодог байсан үе хэдийнэ өнгөрч, баримталдаг зарчим арга барил нь ч хоцрогдон моодноос гарсныг хүлээн зөвшөөрч чадахгүй, айлган тунирхаж зөрсөөр байгаад хамаг албан тушаалаас хоцорч магадгүй болох нь. Уг нь улс төрийн арвин туршлагатай, боловсон хүчин сайтай энэ нам улс орны эрх ашгийг дээдлэн, элдэв маяг гаргалгүй хуралдаандаа оролцож, боломжийн хэрээр хариуцлагаас үүрэлцэхийг хүсдэг бол хэчнээн сайхан байх билээ, хэн хэндээ.

МАН-ын одоогийн үзүүлээд буй аяг байдал нь хаа нэгтээ зарим байгууллагад олон жил ажиллаад догширчихсон, хонин дотор тавьсан хуц аятай дураараа аашилж бүхнийг өөрийнх нь хүсэл зорилгод нийцүүлж хийхийг шаарддаг, санаанд нь таарахгүй бол туйлж тунирхаж гэдийгээд байдаг амбицтай авгайн дүр зургийг үзүүлээд байх шиг зарим нэгэнд санагдаж байна гэлцэнэ хүмүүс.

МАН-ын хэвлэл мэдээллийн тоймтой танилцаж байхад шинээр сонгогдсон байнгын хороодын дарга нарын заримыг нэлээн өөлж, сонжиж, голжээ. Нөгөө л шинэ хүн, шинэлэг зүйлд дурамжхан ханддаг нь цухалзаад байх шиг. Байнгын хороодын дарга нар гэхээр нэг л улиг домог болсон, сэтэрлэчихсэн юм шиг хэдэн нөхдүүд байх ёстой юм шиг.

Одоохондоо өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр авирлаж байна. Харин яг цагаа тулаад ирвэл мянган том улс төрийн хүчин, мундаг зангарагтай байлаа гээд хуулиар баталгаажсан эрх мэдэл үгүй бол тэр хэн ч биш, зөвхөн “будааны хүүхэд” төдий болох биз ээ...

Д.Мягмарсүрэн

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top