Л.Эрдэнэчимэг: Зөвшилцөх тал дээр эсрэг байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Өнөөдөр үдээс өмнө хоёр намын бүлэг хэдийгээр хуралдсан боловч хэн хэн нь мэдээлэл хийлгүй тарцгаасан. АН-ынхан бүлэг дотроо хэсэг хэсэг болж МАН-тай зөвшилцөх эсэх асуудал дээр гишүүд нь өөр өөр байр суурьтай байгааг зарим гишүүд хэлж байсан юм. Ингээд цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Чуулган хэдийгээр хуралдах товтой байна вэ? Танай намын бүлгийн хурал саяхан дууслаа. Энэ талаар?

-Одоогоор чуулган хуралдах зар ирээгүй байна. Дөнгөж сая манай намын бүлгийн хурал дууслаа. Тэгээд чуулган хуралдах талаар тусгайлан зарлана гэсэн. Бид  хурлын зар хүлээж байна. Дэд хороодоо байгуулах асуудлаар байнгын хороод хурлаа хуралдуулаад дэд хороодынхоо гишүүдийн бүрэлдэхүүнийг тодорхойлох ийм хурлуудад оролцох ёстой. Нэг гишүүн гэхэд 3-4 дэд хороонд харяалагдаж байгаа.

-Танай нам бүлэг дээрээ МАН-тай тодорхой түвшинд зөвшилцөх асуудлуудыг ярьсан гэсэн?

-Хэрвээ өнөөдөр чуулган зарлагдах юм бол МАН орж ирэх байхаа гэсэн хүлээлттэй байна. Өчигдөр Ерөнхий сайдын асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Хэрвээ чуулган хуралдах юм бол өнөөдөр Ерөнхий сайдын асуудал орж ирэх байх гэж хүлээж байна. Сая намын бүлгийн хурал дээр Ардын намтай зөвшилцөх  асуудлын тал дээр ярилцсан л даа. Тэгээд нам дотроо  бид нар хоёр гурван хэсэг болж байр суурь санал бодол зөрөлдсөн. Зарим хэсэг нь энэ тал дээр эсрэг байр суурьтай зарим болохоор зөвшилцөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Ер нь Ардын намтай зөвшилцөх санал солилцох тэр асуудал дээр бол тодорхой бүлгүүд эсрэг байр суурьтай байгаа. Жишээ нь  би эсрэг байр суурьтай байгаа. Яагаад вэ гэхлээр нэгдүгээрт сонгуульд ялалт байгуулсан ч гэсэн шүүх дээр явж байгаа Ардын намын зарим гишүүдийг оруулж ирэх асуудлын талаар зөвшилцөл байх бид үзэж байгаа. Бидний шийдэх асуудал биш шүүхийн асуудал учраас хоёр нам ярилцаад байх нь бол тийм зохистой асуудал биш юмаа гэсэн эсрэг байр суурьтай байгаа. Автомат машины асуудал дээр мөн бидний шийдэх асуудал биш хуулийн дагуу шийдэгдэнэ гэсэн байр сууринд байгаа. Өөрөөр хэлбэл хоёр намын дарга хоорондоо зөвшилцсөн гарын үсэг зурах энэ асуудлыг дэмжихгүй гэсэн тодорхой хүмүүсийн санал байгаа.

-Энэ асуудал дээр бүлгийн гишүүдийн аль тал нь олонх болсон бэ?

-Яахав гараа өргөөгүй учраас хэдэн хувь эсрэг, хэд нь дэмжсэн байр суурьтай байгааг тодорхойлж чадсангүй л дээ. Ийм асуудлуудаар манай бүлгийн хурал дээр ярьсан гэж ойлгож болно. Харин дээгүүрээ тохиролцоо хийсэн бол гээд энийгээ бид ярилцсан л даа. Цаагуураа та нар ямар нэгэн тохиролцоо хийгээд байгаа бол энэ нь манай намын бүлгийн гаргаж байгаа шийдвэр мөн үү биш үү гэдэг дээр бид нар нилээн ярилцсан . Тэгээд энэ бол тодорхой хүмүүс эсрэг байгаа. Тэгэхлээр зөвшилцөнө гэж бодоход би л хувьдаа дэмжихгүй байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top