Г.Занданшатар: Цөөнхөө сонсдоггүй зарчим байх ёсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Дөнгөж сая МАН-аас өөрийн байрандаа мэдээлэл хийлээ. Тэд Хан-Уул дүүргийн шүүх хууль бус шийдвэр гаргасан бөгөөд өнөөдрийн чуулганд оролцож энэ талаар болон бусад асуудлыг хэлэлцэхэд байр сууриа илэрхийлнэ гэв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар: “МАН-ын бага хурлаар манай нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон. Сөрөг хүчин сэтгүүлчидтэй тогтмол уулзалт хийх болно" гэдгийг хурлын эхэнд мэдэгдсэн юм.

МАН төрийн ажлыг гацааж байна гэсэн сэтгүүлчийн асуултад Г.Занданшатар:

-Сүүлийн үед хэвлэлээр ийм ташаа мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор гурван зүйл хэлмээр байна.

  1. Сөрөг хүчин болохоор ЗГ-т ажиллах санал, санаачилга гаргаагүй.
  2. Эрх баригчид олонхоороо түрий барьж, болшевик үзэл гаргаж байна. Мордохын хазгай энэ үйлдлийг эхнээс нь залруулах ёстой. 1917 онд олонх нь зөв гэсэн зарчмаар явж байсан.  Одоо энэ зарчмаар явж болохгүй. Энэ шаардлагыг анхнаас нь хэлсээр ирсэн. Ер нь цөөнхөө сонсдоггүй зарчим байх ёсгүй.
  3. Энэ жилийн сонгуулиар МАН ялагдаагүй, ялаагүй. Энэ талаар намын хурлаар ярилцсан. Улмаар өөрлөлт шинэчлэлтийн шинэ бодлого хэрэглэхээр болсон. Өөрөөр хэлбэл намын үүрүүдэд хэлэлцүүлэг явуулахаас гадна МАН-ын олны тусны төлөө ажиллана гэдгийг хэлмээр байна гэлээ.  

 

Мөн МАН-ын УЗ-ийн гишүүд Хан-Уул дүүргийн шүүх зөвхөн нэг талыг байлцуулан, Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс энэхүү хууль бус үйлдлийн талаар Ерөнхийлөгч болон Шүүхийн удирдах ажилтнуудаас хэвлэлээр дамжуулан асуумаар байна гэдгийг онцолж байлаа.  

МАН-ын хувьд байнгын хороодод орж ажиллах бөгөөд цаашид бүлэг байгуулан ажиллах ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top