Чуулганы хуралдаан ширүүхэн үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Удтал хүлээлгэсэн УИХ бүрэн бүтэн ирц дүүрэн анхдугаар чуулганы хуралдаан эхэлж Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох талаар хэлэлцэхээр болов. УИХ-ын МАН-ын бүлгээс үг сонсох зөвшөөрлийг Их Хурлын даргаас авч МАН-ын дарга Ө.Энхтүвшин намынхаа байр суурийг илэрхийлж, УИХ хууль бусаар байгуулагдаж, хууль зөрчиж байна. Гадуур манай намыг бүлэггүй болчихлоо гэх мэтээр хэвлэлд ихээр бичээд байгаа. Манай нам бүлэггүй болоогүй. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох ажлаас эхлээд манай нам УИХ-ын чуулгандаа орж ажиллахаа мэдэгдэж байна гэсэн юм.

Харин АН-ын дарга Н.Алтанхуяг: Бид бүхэн анхнаасаа та бүхэндээ байдлыг байгаагаар нь танилцуулж ажилласан. Бүлэг байгуулах болон УИХ-ын даргын асуудал хуулийнхаа хүрээнд шийдэгдэх байх гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ-ын даргыг хууль бусаар томилсон. Тиймээс горимын санал оруулмаар байна. Горимын саналаар дахин санал хураая гэсэн бол

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Н.Энхболд даргын горимын саналыг дэмжихгүй байна гэсэн бол

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танай намынхан төрийн ажлыг гацааж гацаачихаад юун горимын асуудал гаргаад байгаа юм гэж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би горимын саналын талаар ярихгүй. С.Эрдэнэ гишүүн МАН төрийн ажлыг гацаасан гэж юу яриад байгаа юм бэ. Танай нам өөрсдөө дотроо бантагнаж бантагначихаад одоо болохоор МАН ажил гацаалаа хэмээснээр чуулганы хуралдааныг халуухан болгов.

Ингээд Н.Энхболд гишүүний гаргасан горимын саналыг дэмжих талаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин бүлэг байгуулах саналтай бичгээ өргөн барьсан боловч Их Хурлын дарга хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлснээр Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг томилох шийдвэрийг танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох шийдвэрийг гаргахыг хүслээ. Түүний дараачаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох байнгын хорооны хуралдааны шийдвэрийг танилцуулснаар асуулт асуух гишүүдийн нэрийг авч гишүүд асуулт асууж чуулганы хуралдаан үргэлжилж байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top