Ардчилсан Засгийн 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Удтал хүлээлгэсэн УИХ бүрэн бүтэн ирцтэйгээр  анхдугаар чуулганы хуралдаанаа эхэлж Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох талаар хэлэлцэв. МАН-ын бүлгээс үг сонсох зөвшөөрлийг Их Хурлын даргаас авч МАН-ын дарга Ө.Энхтүвшин намынхаа байр суурийг илэрхийллээ. Тэрээр "УИХ хууль бусаар байгуулагдаж, хууль зөрчиж байна. Гадуур манай намыг бүлэггүй болчихлоо гэх мэтээр хэвлэлд ихээр бичээд байгаа. Манай нам бүлэггүй болоогүй. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох ажлаас эхлээд манай нам УИХ-ын чуулгандаа орж ажиллахаа мэдэгдэж байна" гэсэн юм.

Харин АН-ын дарга Н.Алтанхуяг: Бид бүхэн анхнаасаа та бүхэнд байдлыг байгаагаар нь танилцуулж ажилласан. Бүлэг байгуулах болон УИХ-ын даргын асуудал хуулийнхаа хүрээнд шийдэгдэх биз дээ гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ-ын даргыг хууль бусаар томилсон. Тиймээс горимын санал оруулмаар байна. Горимын саналаар дахин санал хураая гэсэн бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Н.Энхболд даргын горимын саналыг дэмжихгүй байна гэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Танай намынхан төрийн ажлыг гацааж гацаачихаад юун горимын асуудал гаргаад байгаа юм гэж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би горимын саналын талаар ярихгүй. С.Эрдэнэ гишүүн МАН төрийн ажлыг гацаасан гэж юу яриад байгаа юм бэ. Танай нам өөрсдөө дотроо бантагнаж бантагначихаад одоо болохоор МАН ажил гацаалаа хэмээн байр сууриа илэрхийлж чуулганы хуралдааныг халуухан болгов.

Ингээд Н.Энхболд гишүүний гаргасан горимын саналыг дэмжих талаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин бүлэг байгуулах саналтай бичгээ өргөн барьсан боловч Их Хурлын дарга хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлснээр Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг томилох шийдвэрийг танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох шийдвэрийг гаргаж өгөхийг хүслээ. Түүний дараачаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох байнгын хорооны хуралдааны шийдвэрийг танилцуулсанаар асуулт асуух гишүүдийн нэрийг авч гишүүд асуулт асуусанаар аль хэдийнэ18.00 цаг өнгөрсөнөөр чуулганыг цаг сунган хуралдууллаа.

Ийнхүү нэр дэвшигчдэд хандаж гишүүд ихэнх нь нэг л зангаараа байгаарай. Цөөнхийнхаа мөрийн хөтөлбөрийг битгий гадуурхаарай. Өнгөрсөн үе рүүгээ нулимбал ирээдүй чинь их буугаар буудна шүү гэж хэлсэнээр үг хэлэх хугацаа дуусав. УИХ-ын чуулганы өөр нэгэн содон зүйл бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол төрөө хүндэтгэн босч зогслоо, гишүүн Д.Тэрбишдагва: "Ц.Нямдоржийн ярьсан юм болгон надад хэрэгтэй болдог. Тэрээр биднийг улаантан, цагаантанаар нь дуудаад  нэрлээд байгаа харин би Ц.Нямдоржийг өөрийг “улстөрийн зөнөглөл” гэж хэлмээр байна. Сая сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт Ц.Нямдорж очоод миний рейтинг өссөн. Шинээр сонгогдох Ерөнхий сайддаа амжилт хүсье" хэмээн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийллээ.

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг хурааж олонхийн саналаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо. Ерөнхий сайд томилогдсоноос хойш 14 хоногийн дотор Засгийн Газрын сайдуудын нэрсийг УИХ-д танилцуулна.

 Норовын Алтанхуяг

Төгссөн сургууль, мэргэжил:

1976 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль

1981 онд Монгол Улсын Их Сургууль Биофизикч, физикийн багш мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1981-1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш

1990-1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга

1992-1994 онд *Энэ өдөр* ББХК-ий захирал

1994-1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд

1999-2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

1999-2000 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2000-2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга

2001-2003 онд Монголын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 оноос Монголын Ардчилсан намын дарга

2008 онд Монголын Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

2006 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл: орос,  англи

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top