Ерөнхий сайд тамгаа гардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

 



Шинээр томилогдсон Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягт Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд Ерөнхий сайдын тамга шилжүүлэх ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд боллоо. Шинээр томилогдсон Ерөнхий сайдад тамга шилжүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Алтанхуяг болон Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажилласан С.Батболд нарт баяр хүргэлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Н.Алтанхуяг Ерөнхий сайдад ажилд нь амжилт хүсч хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол түмэн засгийн газраасаа олон зүйлийг хүсэн хүлээж байгаа. Хуулийн дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирэх асуудал байгаа. Мөн хуулийн дагуу Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ хоёр зүйлийг анхаараарай гэж хэлэх байна.

Засгийн газрын бүтцийг хийхдээ тухайн цаг үед тохирсон, урт хугацаанд Монголын ард түмний өмнө ямар асуудал тулгамдаж байна, ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг анхаарч түүнд нийцсэн байдлаар бүтцээ хийж ажиллаарай. Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд миний өмнө нь барьж байсан байр суурь хэвээрээ байгаа. Хууль тогтоох, Гүйцэтгэх эрх мэдлийг тус тусад нь хариуцлагатай, хяналттай ажиллуулахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг давхардлыг байлгахгүйгээр бүрэлдэхүүнээ бодож асуудлыг оруулж ирээрэй гэдгийг хэлье. Улс орон, ард түмний өмнө тулгамдаж байгаа олон асуудал байгаа. Тэдгээрийг шийдвэрлэх чадвартай чадварлаг бүтэц бүрэлдэхүүн бий болно гэдэгт итгэж байна, амжилт хүсье” гэв.









Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top