Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-д Монгол Улсын Ерөнхий сайдаар Норовын Алтанхуягийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Эрхэм хатагтай, ноёд оо, 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи УИХ-ыг сонгох 6 дахь удаагийн сонгууль болж манай хууль тогтоох төрийн дээд байгууллага ажилдаа ороод байна. Цаашид УИХ-д суудал авсан нам эвсэл, тэдгээрийн гишүүд улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж  үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэж байна.

 

Ардчилсан нам Монгол Ардын Хувьсгалт нам-Монгол Үндэсний Ардчилсан намын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намтай хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахаар гэрээ байгуулж Улсын Их Хурлийн гишүүн Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий Сайдад нэр дэвшүүлж надад 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

 Энэ дашрамд өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхий Сайд болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж төрийн өндөр, хариуцлагатай албыг нэр төртэй хашиж ирсэн нийт хүмүүст гүн талархал илэрхийлж цаашдынх нь ажил үйлсэд нь амжилт хүсье.

Өнөөдөр УИХ-ын хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайдаар танилцуулахаар нэрийг нь оруулж байгаа Норовын Алтанхуяг нь Монгол улсад ардчилсан, нээлттэй, эрх зүйт нийгмийг цогцлоон байгуулахад онцгой идэвх зүтгэлтэй оролцсон хүмүүсийн нэг юм.

Норовын Алтанхуяг нь Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд,  Ардчилсан намын дарга зэрэг улс төрийн хариуцлагатай албан тушаалуудыг үр бүтээлтэй хашиж иржээ. Н.Алтанхуяг биофизикч, физикийн багш мэргэжилтэй. 1958 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, нохой жилтэй. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлаас хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top