С.Чинзориг, Н.Төмөрхүү нар асуудлаа даруй шийдвэрлүүлэхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

УИХ-ын 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар өмгөөлөгчдийн хамт мэдээлэл хийсэн юм. 

Тэд хэлэхдээ, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж, харьяаллын бус Хан-уул дүүргийн шүүхэд хандсан. Улмаар хамааралгүй хууль ашиглан шийдвэр гаргуулж, хариуцагчгүйгээр шүүх хурал хийж, хууль бус аргаар нотлох баримт гаргасан.

Тодруулбал, нэгдүгээрт ХУД-ийн шүүх АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү Д.Зоригт нарын эрх ашгийг дээд зэрэг хамгаалсан шүүхийн шийдвэр гаргасан. хоёрдугаарт, ХУД-ийн шүүх шийдвэр гаргахдаа хэд хэдэн ноцтой хуулийг зөрчсөн. Тухайлбал, өргөдлөө долдугаар сарын 2-нд өгөөд 3-нд шийдсэн байдаг. Асуудлыг шийдвэрлэхдээ онцгой ажлын журмаар сонгуулийн зөрчил, маргаантай асуудлыг шийдсэн юм. Угтаа бол онцгой ажиллагааны журмаар сонгуулийн зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэх ёсгүй. Хууль зөрчсөн бол сонгуулийнхаа хуулиар захиргааны болон эрүүгийн хариуцлагаар шийдвэрлэх учиртай. Мөн хариуцагчгүйгээр шүүх хурал хийлээ. Онцгой ажиллагааны журмаар бол асуудлыг шийдэх гэж байгаа гуравдагч этгээдийг байлгаж, шүүх хуралд оролцуулна гэсэн хуультай. Гуравдугаарт, иргэний хэрэг хянаж шалгах тухай хуулиар хэрэгт оролцогч өөрөө нотлох баримт цуглуулахыг хориглосон байдаг. Гэтэл ХУД-ийн шүүх зөвхөн Г.Батхүү Д.Зоригт нарын гаргасан нотлох баримтанд тулгуурлан хууль зөрчсөнийг нь нотолсон шийдвэр гаргасан байгаа.

Угтаа бол эд, бараа тараасан бол тойргийн хороо цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлээд эд бараа тараасан үгүй нь нотлогдож, тогтоогдсон дээр үндэслэж ХУД-ийн шүүх эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үү гэдгийг  шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл ХУД-ийн шүүх цагдаа, прокурорын хийх ажлыг хийж, шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл. Ингээд бид хоёр Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдөл гаргасан юм.

Нийслэлийн давж заалдах шатны хурал гурван удаа зарлагдаад  Г.Батхүү, Д.Зоригт нарын талаас хамаарч хойшлоод байгаа. Тухайлбал, тэдний талын өмгөөлөгч өвдсөн, шүүх бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй зэрэг шалтгаанаар санаатайгаар хойшлуулсан.

Олон удаа биднийг хууль зөрчсөн гэж хувийн мэдээллийн хэрэгслээрээ цацсан. Мөн эд бараа тараасан үгүйг прокурор, тагнуулын байгууллагаар шалгуулсан. Тагнуулын мөрдөн шалгах хэлтэс энэ хэргийг шалган, прокурор хянаад биднийг санал худалдан авах зорилгоор эд бараа тараагдсан нь тогтоогдоогүй. Иймд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гээд хэрэгсэхгүй болгочихсон юм билээ.

Бид шүүхийн шийдвэр гарсаны дараа хууль, хяналтын байгууллагад хандаж бид үнэхээр зөрчсөн юм уу, үгүй юу гэдгээ тогтоолгож нэр төрөө сэргээлгэх болно.

Мөн олон улсын хүний эрхийн байгууллагад хандах, СЕХ-ны шийдвэрийг үндсэн хуулийн цэцэд өгч хянуулах, нөхцөл байдалд ерөнхийлөгчийг анхаарлаа хандуулаач ээ гэдэг хүсэлтийг тавих гэж байна.

Өнөөг хүртэл гишүүнийхээ тангарагийг өргөж, сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-ын үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна. Иймд асуудлыг сунжруулж, цаг алдалгүй шүүх хурлаар үнэн, худлаа даруй шийдвэрлүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top