Хэсэг хугацаанд зөрүүдлэн Төрийн ордноос өрх тусгаарлан “Тусгаар тогтнол”-ын ордондоо ажилласан МАН-ынхан сая нэг зөвшилцөж чуулгандаа суулаа. Удтал хүлээлгэсэн УИХ-ын анхдугаар чуулган бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг томилоод манай төр засгийнхан үр дүнтэй долоо хоногийг үдлээ.
Долоо хоногийн эхээр Төрийн ордон эзгүй шахуу байж шинээр томилогдсон Их Хурлын даргын өрөө баяр хүргэсэн болон бусад албаны гадаад, дотоодын зочдоор дүүрэн байсан юм. Эл өдрөөс эхлэн зарим албан тушаалын томилгооны үндэс тавигдаж эхэлсэн. Хоёр дахь өдрийн хувьд өнгөрсөн өдрүүдэд үүсээд байсан зарим гацаа арилах тийшээ хандаж Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргыг томилох ажил эрчимтэй яригдаж Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдод нэрийг нь танилцуулсанаар маргааш нь нийслэлийн засаг даргыг томилж тамга, тэмдгийг нь хүлээлгэж өгсөн юм.
Шинэхэн ажлаа хүлээж авсан хотын “мэр” хамгийн түрүүнд ажлаа хаанаас, юунаас эхлэх вэ гэсэн сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа: Хамгийн түрүүнд хажууд минь бэлэн байгаа замын түгжрэлээс эхлэнэ. Тэгээд ямар ч байсан бусад тулгамдаад байгаа ажлууд болон нийслэл Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллана. Мөн цаашлаад хотын бүтцэд томоохон өөрчлөлт хийж хүн болгонд үүрэг хүлээлгэн хариуцлага тооцож ажиллана хэмээсэн.
Харин долоо хоногийн дундуур УИХ-ын чуулган хуралдаж бусад байнгын хороодыг яаралтай байгуулах ажлыг УИХ-ын дарга үүрэг болгосоноор байнгын хороод тэр даруйдаа яаравчлан хуралдаж найман байнгын хороо байгууллагдах ёстойгоос зургаа нь байгуулагдаж дарга нараа сонгоод амжсан. УИХ-ын байнгын хороодын хувьд өмнөх жилүүдийнхээс арай өөр багасгасан бүтэцтэйгээр байгуулагдах болсон. Нэг байнгын хороонд 14-16 гишүүнтэй, нэг гишүүн гурваас дээшгүй байнгын хороонд орж ажиллахаар баталсан. Байнгын хороод хэдийгээр байгуулагдсан боловч МАН-ынхан тус байнгын хороодын аль алинд нь багталгүй хоцорсон. Хоцрох хоцрохдоо бүр шүүмжлээд авсан. Жишээ нь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд байнгын хороодын гишүүдийн тоог цөөлсөн нь буруу зүйл. Энэ АН-ынхан бидэнгүйгээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгааг хэвлэлийн хурал дээрээ мэдэгдэв.
Тэр өдрийн хамгийн их чих дэлдийлгэсэн зүйл бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын томилгоо байлаа. Тус байнгын хорооны даргыг дэвшүүлэх хуралдаан болох гэж хурал эхэлсэн боловч даргадаа нэрийг нь дэвшүүлэхээр болсон шинэхэн гишүүн З.Баянсэлэнгэ байдаггүй. Гишүүдийг хагас цаг хүлээлгээд хуралдааны танхим руугаа олимпийн тамирчин Усэйн Болтоос ч хурдан гүйсээр орж ирж байнгын хорооны дарга болсон. Бусад байнгын хороо дуугаа авалцан дарга нараа сонгож чуулганы хуралдаанаар бараг бүгдээрээ шахуу 100 хувийн саналаар дэмжигдсэн.
Байнгын хороодыг байгуулсаны дараачаар АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн хийгээд ИЗНН зэрэг улстөрийн хүчний удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Маргааш нь УИХ-д оруулж ирэн хэлэлцэхээр төлөвлөөд байсан нь ёстой л ёсоор бүтсэн.
Ингээд УИХ-ын анхдугаар чуулган элэг бүтэн хуралдаж эхэлсэн юм. Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө хоёр намын бүлгүүд хуралдаж зөвшилцөлд хүрэх эсэх асуудлуудаа ярилцсан боловч АН-ын бүлгийн хурал дээр намынх нь зарим гишүүд зөвшилцөх нь буруу гэж зарим нь зөвшилцөх нь зүйтэй хэмээн хэсэг хэсгээр санал хуваагдаад байсан бол МАН ч мөн адил байр суурьтай байсан. Төдөлгүй хоёр намын дарга Ерөнхийлөгчтэй уулзсанаар Төрийн байгуулалтын байнгын хороо яаралтай хуралдаан зарлаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжсэнээр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Чуулган эхлүүт л МАН-ынхан гомдоллож эхэлсэн төдийгүй бүр сүүлдээ Ц.Нямдорж гишүүний уур хилэн дэлгэрч хүн хүн рүү үсчин улаантан, цагаантан, урвагч шарвагчаар дуудаж гишүүдийн ихэнхийнх нь зэмлэлийг хүртээд авсан. Ийнхүү хэсэг хугацаанд гацаанд ороод чагтлагдчихсан байсан бөглөөгөө мулт татан гарч төрийн ажил гацаанас гарч, бүрэн бүтэн ирцтэйгээ УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засгийн Газрынхаа Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуягийг томилсон юм. Шинээр томилогдсон Ерөнхий сайд тэр даруйдаа суудалдаа сууж тамга тэмдэгээ хүлээн авч ажилдаа орсон. Одоо шинэхэн Ерөнхий сайдад Засгийн Газраа хуулийнх нь хугацаанд багтаан томилох томоохон ажлууд болон бусад томоохон ажлууд ар араасаа цувран хүлээж байна. Энэ долоо хоногийн хувьд төрийн ажил идэвхжсэн томилгооны долоо хоног байлаа. Ирэх долоо хоногт ч мөн адил үргэлжлэх биз ээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )