УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Улс төрд татаасгүйгээр орж болдгийг надааc хараад авчих

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

 УИХ-ын гишүүн, “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга болсон билээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

- Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга боллоо.  Энэ талаар ярилцлагаа эхэлье?

- “Шударга ёс” эвслээс намайг энэ албанд томилсон. Би өөрийнхөө хүслээр болъё гэсэн юм байхгүй. Одоо болохоос нь болохгүйг хүртэл ажиллана. Төрийн ажил болохоор ямар арга механизм байна, тэрийг нь хэрэглэнэ.  

- Бүлгийн дэд дарга болсон талаар?

-“Шударга ёс” бүлгийн дарга нь МҮАН-аас сонгогдсон болохоор бүлгийн дэд дарга нь МАХН-аасаа байх ёстой гэж үзээд намайг санал болгосон. Би энэ ажилд сонгогдсондоо дуртай байгаа.

- Та УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга, байнгын хорооны дарга боллоо. Нэг хүнд ахадсан ачаа юм шиг санагдаж байна?

- Өөрийн зүтгэл, эрч хүч, цаг хугацаа хэрэгтэй. Байнгын хороо маань харьяа яам болон мэргэжилтнүүдтэйгээ ажил үүргийнхээ хувиар холбогдоод ажиллах байх. Энэ бол намын томилгоо байсан. Харин  бүлгийн дэд даргын үүрэгт ажилд намайг санал болгосон.  

- Энэ удаагийн парламентад харьцангуй олон эмэгтэй гишүүд орж ирснээр эмэгтэйчүүдийн албан бус бүлэг байгуулагдлаа.  Бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөө?

-Энэ удаагийн сонгуулийн үр дүн өмнөх сонгуулийн үр дүнг бодвол харьцангуй өөр боллоо. Энэ бол ард түмний сонголт. Гэхдээ УИХ-д суудалтай бүх намаас төлөөлөл болсон эмэгтэйчүүд гишүүнээр орж ирсэн. Тодруулбал АН-аас тав, ИЗНН-аас нэг, манай эвслээс хоёр, МАН-аас нэг гишүүн орсон. Эмэгтэйчүүд албан бус бүлэг байгуулаад эх барих эмнэлгийн асуудлаар зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийлээ. Цаашид зохион байгуулах үйл ажиллагааг бид нам харгалзалгүй дэмжин хамтран ажиллах болно. Эмэгтэйчүүдийн оролцоог тэгш байх тал дээр бид анхаарч ажиллана.

- Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газрын талаарх таны бодол?

- Засгийн газрыг байгуулах асуудал байнгын хороодын бүтэц бүрэлдэхүүнээс эхэлж байгаа шүү дээ. Байнгын хороонд хүмүүсээс санал авч оруулдаг нь зүйтэй юм. Миний хувьд эмч, хуульч мэргэжилтэй болохоор Нийгмийн бодлого, Хууль зүйн байнгын хороонд орсон. Өмнө нь би Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэсэгт ажиллаж байсан болохоор суурьтай. Тийм болохоор надад боломж байна, өөрийнхөө хүчийг үзье гэж бодсон. Байнгын хороодын дарга нарыг томилохдоо мэргэжлийг нь голчлон харж байсан. Нам нь ч гэсэн хүмүүстээ итгэж шийдсэн болохоор энэ нь ийм, тэр нь тийм гэхгүй, харин зөв шийдвэр гаргасан гэж бодож байна.

- “Шударга ёс” бүлэг дотооддоо хагаралдаантай байгаа талаар яригдах боллоо?

- Тийм юм байхгүй. Яахав биднийг ярилцаж байхад санал зөрөлдөх асуудал гаралгүй яахав.  Гэхдээ эцсийн шийдвэрийг бүлэг олонхийн саналаар шийдэж байгаа. Гэхдээ санал гаргасан нэгнээ  хүндэтгэнэ.  Бид муудалцаж хагаралдахыг хүсэхгүй.

- МАН зөвшилцөх асуудлаар ярилцаж байгаа гэсэн “шуум” байна?

-УИХ-ын бүх гишүүдийн адил мэдээлэлтэй байгаа. Тэр мэдээллийг УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хэлж байсан.  Өөр мэдээлэл одоогоор алга.   

- МАН төрийн ажлыг удаашруулж байгаа тал дээр хувийнхаа бодлыг хэлнэ үү?

- МАН-ынхан бол туршлагатай улч төрчид. Би төрийн түүчээ болоод УИХ-д орж ирж байна. МАН-ынхан орж ирвэл ядуурал, нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг хурдан шийдмээр байна. Төрийн албыг ингэж гацааж болохгүй гэсэн бодолтой байна. Нэг хоёр хүний албан тушаалын суудлын тухай яригдаж байгаа ч ард нь олон мянган хүний амьдрал яригдаж байгаа шүү дээ. МАН ингээд гэдийгээд байхаар бид УИХ-д орж яах юм бэ? Ард түмнийхээ төлөө сонгогдсон. Тэднийхээ төлөө ажлаа хийе л дээ. УИХ-ын гишүүн гэсэн энэ нэр төртэй, хариуцлагатай ажлыг дөрвөн жил зөв аваад явчих юмсан л гэж бодож байна. Улс төр гэдэг заавал бохир байх албагүй. Хэн хэндээ буулт хийгээд зөвшилцөх хэрэгтэй. Ер нь МАН өөрсдийгөө ч, ард түмнээ ч бодсон зөвшилцөх хугацаа хангалттай өнгөрсөн. Ядаж нэг ч гэсэн гишүүн орж ирээд ажлаа хийгээсэй гэж хүсч байна. МАН-ынхан битгий цаг алдалгүй ажиллаасай гэж бодож байна.

- Ордны гадна тэмцэж байсан хүн ордонд орж ирлээ. Таны бодож байснаас улс төр “өөр” байна уу?

- Ордны гаднах тэмцэл биш, ард түмний л дуу хоолой. Парламентийн олонх нь цөөнхийнхөө санаа бодлыг нь сонсдог. Тэгвэл ордны гадна ард түмний төлөөлөл үгээ хэлдэг байх ёстой. Ард түмний санаа бодлыг илэрхийлсний төлөө гудамжныхан, өлсөгчид, жагсагчид гэж хэлж болохгүй. Ард түмний төлөөллөө хүндэтгэж үзэх хэрэгтэй. Батлахад маргаантай байгаа хуулийн төслүүд дээрээ ард түмнээсээ санал авах тухай хуулинд зааж өгвөл зүгээр юм болов уу гэж боддог. Ордны гадна, дотор хоёр мэдээж хэрэг өөр. Зарчим, үйл ажиллагааны хувьд өөр болохоор парламентад дотор нь орж байж туршлагажиж, боловсорно. 

- Таны ард “рекетчин” татаас байна гэж хүмүүс ярих боллоо?

- Улс төрд татаасгүйгээр орж ирдгийг надааc хараад авчих. Над шиг мянга мянган хүн орж ирээсэй гэж бодож байна. Миний цохилох зүрх үүнийг батална.

- Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top