Н.Энхбаяр дахиад л алдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13


Тэрээр МАН-ыг МАХН байхад нь намынхаа лидер улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байж, түмнээр хүрээлүүлж явсан нэгэн. Өөрийнхөө залгамж халаа болгон олон ч улстөрчдийг эгнээндээ нэгтгэж байсан ч өнөөдөр тэднээс нэг нь ч дэргэд нь алга. Төрийн тэргүүний албаа өгч өрх тусгаарлан үндсэн намынхаа нэрийг авч явлаа гэхдээ “Би өмнө нь алдаж байжээ. Дэргэдээ байгаа хүмүүсийг таниагүй явж” гээд л мөн ч гашуудалтай ярьж суусан сан.  Харамсалтай нь “Одоо л нүд нээгдлээ. Манай намын нөхөд шударга бас, нэг  санаатай” гэж байсан нь түүнийг дөрвөн жилийн ял авлаа гэх сургаар хумхийн тоос болоод өнгөрчих шив дээ. Түүний төлөө долоо хоног хагас дутуу дуугарсан болоод хувийн амбиц, албан тушаал хөөгөөд нам гүмхэн. Улс төрийн  хэлмэгдүүлэлтэд орчихоод шударга түмний дуу хоолой гарцаагүй хэрэгтэй байгаа энэ үед нь тойрон хүрээлээд бялдуучилж байсан намын гишүүд, бүр УИХ-д түүний нэрээр суудал авсан журамт нөхдүүд нь хүртэл таг чиг.

Эргээд нэг бодъё л доо. МАХН-ын “Шударга ёс эвсэл” Н.Энхбаяргүй байсан бол яах бол. Эвслийн нөхөд түүнгүйгээр сонгуульд оролцсон бол хэрхэх бол. Түүнийг нам байгуулаад тэмцэл өрнүүлээгүй бол тэр 11 хүн УИХ-ын гишүүн болоо ч уу, үгүй ч үү. Гурван нүүдлийн цаадахыг тооцож суудаг Н.Энхбаяр байгаагүй бол АН-тай нэгдээд албан тушаал ярьж явахгүй байсан байлгүй. Тэгэхээр өнөөх шударга бас эвсэг гээд байсан “Шударга Ёс” Эвслийн залуучууд бусадтайгаа адилхан өнгө мөнгөний гачаалд орсон хөөрхий хэдэн хурууны хүүхэлдэйнүүд байж дээ.  Одоо аль намын дарга дориухан “хоолны нэр” хэлнэ түүнийг магтан дуулж өмөөрөн дуугарсаар дөрвөн жилийг үдэх байх. Ийм л учраас МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дэргэдэх хүмүүсээ танилгүй дахиад л алдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top