“KHAAN QUEST-2012” Энхийг дэмжих ажиллагааны нээлтэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13


Эрхэм генерал, офицер, ахлагч, энхийг сахиулагчид аа!
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Хүндэт зочид оо!  

Та бүхэн эртний түүхт Монгол оронд тавтай морилон саатна уу! Уудам Монгол орны төв хэсэгт орших уул ус тэгш энэ сайхан нутаг даян дэлхийн амар амгалангийн үйлсэд мөр зэрэгцэн зүтгэж буй энхийг эрхэмлэгч улсуудын цэрэг дайчдыг долоо дахь удаагаа найрсаг дотноор хүлээн авч байна. 

Аж төрөн буй өнөө цагийн маань төрх, улс орнууд өөр өөрсдийн явцуу ашиг сонирхлоос илүүтэйгээр нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэл, хамтын хөгжил цэцэглэлтийн эрх ашгийг тэргүүнд тавихыг биднээс шаардаж байна. Өмнө тулгарах сорилт, бэрхшээл, аюул, заналыг дангаар шийдвэрлэн давж чадах тийм ялгуулсан хүч чадалтай улс орон гэж үгүй. Хэний ч сэтгэлийг нэгэн адил түгшээх нийтлэг аюул, эрсдэлтэй зөвхөн хамтын хүчин чармайлтын үрээр тэмцэж байж улс үндэстэн амгалан, бүс нутаг, дэлхий дахин аюулгүй, тогтвортой байх болно. Амар амгалан байх гэдэг нь дайн дажингүй тайван байхаас гадна хүний заяагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх утгыг бас давхар агуулж байгаа юм. Энэ бол Монголын төр, ард түмний бат нот итгэл үнэмшил мөн болохыг тус улсын төрийн тэргүүний хувьд бахархалтайгаар илэрхийлэхэд нэн таатай байна.

 

Дэлхий дахинаа энх тайвныг сахин хамгаалахад итгэл үнэмшлийн төдийгүй үйл хэргийн оролцоо хэрэгтэй. Олон улс, дэлхийн халуун цэгүүдэд эвлэрэл, шударга ёсыг тогтоож, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, улс төр, эдийн засгийн хөрс суурийг бий болгохын төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага, энхийг эрхэмлэгч улсуудын хүчин чармайлтад өөрийн идэвхтэй оролцоогоор нэгдэх эргэлзээгүй сонголтыг Монгол Улс хийсэн. Энэхүү сонголтоо Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалаараа дахин бататгаж, Зэвсэгт хүчнийхээ шинэчлэлийн тулгуур зарчим болгон хэрэгжүүлж байна. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойгоо өнгөрсөн тавдугаар сард тэмдэглэсэн манай энхийг сахиулагчдын зориг хатуужил, үлгэр дуурайлыг Монголын ард түмэн, НҮБ, олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж ирснийг би энд зориуд онцолж хэлэхийг хүсэж байна.

 

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа, өдгөө долоо дахь удаагаа амжилттай нээгдэж буй “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны сургууль нь олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү нийтлэг зорилтыг үсрэнгүй хурдацтай хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн өвөрмөц онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэсэн алхам болдгоороо эн тэргүүнд ач холбогдолтой. Хүн ам, эдийн засгийн нөөц, бололцоо, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаар тэргүүлж, улс орнууд нь улам бүр харилцан хамааралтай болж байгаа манай бүс нутагт үндэстэн дамнасан аюул, эрсдэл, сорилтын хүчин зүйлүүд ч даяаршихын хэрээр энхийг сахиулагчид харилцан суралцах, хамтран ажиллах шаардлага улам өсөн нэмэгдэж байна. Энэхүү сургууль манай уудам бүс нутгийн улс түмнүүдийн харилцан хүндэтгэлийн нэгэн бэлгэ тэмдэг болж, төрийн байгуулал, нийгэм-эдийн засгийн тогтолцооны ялгааг үл харгалзан энхийн төлөө хамтран зүтгэж чаддагийн тод жишээ гэгдэхүйц хэмжээнд хүрчээ.        

 

Энэ сургууль бол оролцогч улсуудын цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сэлтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд орлуулшгүй үүрэгтэй. Зөвхөн энд оролцож байгаа Та бүхэн төдийгүй өмнөх жилүүдэд оролцсон, цаашид оролцох цэрэг дайчдаар дамжуулан танай улс орнуудын зэвсэгт хүчнүүдийн хөгжилд ч “Khaan Quest” өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэж байна.

 

            “Khaan Quest” бол олон хэлийн ардыг төлөөлсөн энхийг сахиулагч Та бүхний цэрэг эрсийн дайчин нөхөрлөлийн нэгэн хуудас, Та бүхний амьдралын мартагдашгүй дурсамж болон үлдэх учиртай. Та бүхэн цаг наргүй шаргуу хичээл сургуулилтынхаа чөлөө заваар монголын ард түмний зан заншил, түүх, соёлын арвин баялаг өвийн зах зухтай боловч танилцаад, монгол нутгийн үзэсгэлэн, монгол хүний найрсаг, сайхан сэтгэл, монгол цэргийн ур ухаан, үнэнч нөхөрлөлийг тээж эх нутгаа зориорой.       

Манай улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлогын бодит илэрхийлэл, бүс нутаг, олон улсын түвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй “Khaan Quest” сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далай дахь командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөр болон цэргийн албан хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудад гүн талархал дэвшүүлье! 

Монголчууд “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлдэг. Та бидний санаа зорилго ариун бөгөөд шударга болохоор бидний зорьсон үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болно гэдэгт итгэж байна. Та бүхэнд дахин талархал илэрхийлж, “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье !

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top