УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Төрийн ордонд сэтгүүлчдийн хүссэн асуултад хариулсан юм. Энэ үеэр түүнээс цөөн зүйл тодруулснаа хүргэе.
- Та Монголын төр үнэ цэнээ алдаж эхэллээ гэж эртнээс ярьж байсан. Одоо ч ярьсаар байна?
- Тийм. Монголын төр үнэхээр үнэ цэнээ алдаж байна. Анх жигүүрүүд гарч ирж байхад би үг хэлээд баахан шуугиулсан. Дараа нь тэр 16, 17 хүн бүгдээрээ албан тушаал аваад алга болсон ш дээ. Энэ Монголын албан тушаал чинь шантаажны хэрэгсэл болчихлоо. Үүнтэй тэмцэх ёстой. Ингэж биеэ худалдаж байгаа юм шиг төр худалдаж байгаатай тэмцэх ёстой. Юуны яасан шударга ёс. Өнөөдөр манайд шударга ёсны үнэр ч алга.
- Тухайлбал?
- Өнөөдөр архи, махны бизнесийн гол эзэд нь энд сууж байна. Өнөөдөр талхны чинь үнийг нэмчихээд л маргааш нь өөрсдөө Засаг арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжлээд л сууж байна ш дээ. Улаанбаатарт талхны хоёр гуравхан үйлдвэр бий. Далан хувийг нь гаргадаг ганцхан үйлдвэрийн эзэн энэ УИХ-д сууж байна. Унтаж босож ирчихээд талхныхаа үнийг нэмчихээд, “ард түмэн ядуу амьдарч байна” гэж жүжиг тавьж байна. Энэ зөв юм уу? Алтан тариа гэж ганц үйлдвэр байсныг эд нар их хувьчлалын үеэр хувьчлаад авсан. Гурилынхаа, талхныхаа үнийг нэмж ард түмнийг амьдрах аргагүй болгочихоод одоо ХХАА-н сайд болно гээд гүйж байна.
- Сонирхлын зөрчлийн талаар л яриад байна даа?
- Талхны хэрэгцээний 70 хувийг нь гаргадаг үйлдвэрийн эзэн одоо ХХАА-н сайд болно гээд явж байна. Энэнээс илүү ашиг сонирхлын зөрчил гэж байдаг юм уу? Энэ хавар бензин, махны үнэ нэмсэн процессийг харсан байх. Яг ардчилсан нам Засгаас гарахын урьд өдөр махны үнэ нэмээд, Ариунсан гэж хүн намайг байгаа дээр үнээ нэмчих гэж үүрэг өгөөд л мах, бензиний үнийг нэмж, хаяад л гараад явчихсан.
-УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр бүлгийн асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?
- Манай бүлгийн Үндсэн хууль, сонгогчид, хууль гурав байгуулж өгсөн юм. Үүнийг байхгүй болгох эрх хэнд ч байхгүй. Энэ бол даргын, олонхийн ая зангаас шалтгаалдаг зүйл биш. 26.2-ыг та нар олоод уншчихаарай.
- Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үг үү?
- Шаардлагагүй.
-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг байнгын хорооны дарга болсонд зарим хүн дургүй байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
- Би мэдэхгүй. Олонхоос асуух хэрэгтэй. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Энд нэг зүйлийг хэлэхэд эвсэл гээд өөрийгөө УИХ-ын гишүүн болчихсон гээд байгаа арав орчим хүн байнаа?
- За
- Н.Энхбаярын сүр хүчинд л гарч ирсэн хүмүүс ш дээ. Эцсийн үнэн бол энэ. Эд нараас улаан хөлөөрөө таварцаглаад улс төрд орж ирэх хүн ганц ч байхгүй. Бүр энэ Д.Тэрбишдагвыг энд оролцуулаад байхгүй шүү. Эрийн сайндаа гараад ирчихсэн гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.
- УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчихлаа. Энэ талаар та өөрийнхөө байр суурийг хэлэхгүй юу?
- Миний мэдэхийн З.Баянсэлэнгэ манай ганц худагт сувилагч хийж байсан хүн. Дараа нь халагдсан нь үнэн. Дараа нь хуулийн сургууль төгсөөд Баянзүрхийн цагдаад ажиллаж байхдаа туйлын ноцтой зөрчил гаргаад халагдсан нь үнэн. Ийм хэдэн үнэн байдаг юм.
- Н.Энхбаяр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял авлаа. Хууль зүйн сайдын хувьд та...
- Би энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүй ээ. Давж заалдах өргөдөл өгсөн байх.
- Тодруулга өгсөнд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )