”Шударга ёс” бүлэг эрүүл мэнд, эрчим хүч, Сангийн яамыг тэргүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Дөнгөж сая МҮАН-МАХН-ын “Шударга ёс” бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Тэд энэ удаагийнхаа хуралдаанаар Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой Засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ярилцсан байна. Уг хуулийн төслийг “Шударга ёс” бүлэг өнөөдөр 10:00 цагт хүлээн авчээ. Тиймээс гишүүд энэ асуудалд нухацтай хандахаар шийдэж ажлын хэсэг байгуулсан гэнэ. Энэхүү ажлын хэсэгт  хууль зүй, батлан хамгаалах, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд Ч.Улаанаар ахлуулж байгаа юм.

“Шударга ёс” бүлэг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг дэмжиж байгаа бөгөөд зарим яамдын чиг үүрэгт орхигдсон асуудал байна гэж үзжээ. Тухайлбал Хууль зүйн сайдын ажлын чиг үүрэгт энгийн вийз олгох асуудлыг оруулсан нь бүхэлдээ Гадаад хэргийн яамд хамаатай асуудал гэж үзэж байгаа гэнэ. Мөн эрдэс баялгийн яамд түлшний хангамжийн асуудал оруулсан бөгөөд түлшний тэнцэтгэлийн асуудал нь өөрөө Эрчим хүчний яамандаа хамааралтай байх нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. Төрийн өмчийн хороог Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд оруулсан байна. Тэгтэл ТӨХ-ны үндсэн үйл ажиллагаа бол хувьчлах биш, төрийн хувьцаатай хэсгээс Засгийн газар өөрөө ашгаа авна гэдэг утгаараа Сангийн яаманд байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

Байгуулагдсан ажлын хэсэг үдээс хойш гурван цагт хуралдах бөгөөд энэ үеэр Ерөнхий сайдтай ярилцах гэнэ. Мөн маргааш өглөө бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг эцсийн байдлаар шийдэх ажээ.  

“Шударга ёс” бүлгээс Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Сангийн сайд тодрох юм. Одоогоор Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, Шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан нарын нэрс яригдаж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top