УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүн Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 29-ныг хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгчид голдоо хоёр өмгөөлөгчтэй байсан тул тус бүр нэг нэг өмгөөлөгч авахаар болсон байна.
З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.
Шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1,2 жилийн ял төлөвлөсөн байв. Харин шүүх бүрэлдэхүүн хэрэгт нотлох баримт дутуу үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Гэтэл улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэрийг эсэргүүцэж, зургадугаар сард Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичиж байв. Эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэн мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийдвэр гаргаж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал товлогдоод байсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж буй.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )