УИХ-ын дарга З.Энхболд Стэнфордын их сургуулийн эрдэмтдийг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, нэрт судлаач Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ардчиллын гол онолчид гэгддэг нэрт эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж буйд УИХ-ын дарга З.Энхболд талархаж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн “Та бүхний лекц зарим хүнд мэддэг зүйл шиг санагдаж байсантай санал нийлэхгүй байгаа. Ардчилал гэдгийг ойлгоход тийм амар биш. Та бүхэн манай улсад богино хугацаагаар айлчилж буй ч Монголд ардчилал хэрхэн хөгжиж буйтай бодитоор танилцаж байна. Монголчууд зочин ирэхэд хотын сонин хачин сонсоно хэмээн гэрийн эзэд баярладаг. Түүнтэй адил холоос ирсэн эрдэмтдээс лекц сонссондоо баяртай байна” хэмээн онцлов. УИХ-ын урилгаар 2005 онд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Дэвид Хастерт тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байжээ. Түүнээс хойш хоёр улсын парламентийн гишүүд болон Тамгын газрын ажилтнууд харилцан айлчилж туршлага солилцож байгааг УИХ-ын дарга дурдлаа.

 Ардчиллын онол, үзэл бодлоо монголчуудтай хуваалцахаар ирсэн нэрт эрдэмтэд манай улсын сонгуулийн систем, Улсын Их Хурлын үйл ажиллагааг мөн сонирхож одоогийн парламентын тэргүүн зорилтыг асуусан. УИХ-ын дарга З.Энхболд “Манай улсад хуулийн хэрэгжилт муу, парламент өөрөө Засгийн газрын араас хөтлөгдөж явдаг байсан. Энэ тогтолцоог өөрчлөх нь УИХ-ын гол зорилт. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ энэ парламент биелүүлэх болно” гэлээ.

 Монголд  ардчилал хөгжсөн 20 жилийн хугацаанд сонгуулийн янз бүрийн системийг сонгож ирсэн нь  эрдэмтдийн сонирхлыг татаж байсан.  Дэлхийд  алдартай улстөрч судлаач, философич Франсис Фукуяама, ардчиллаар дагнан олон жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүнзгий судалгаа хийснээрээ  номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер нар “Ардчиллын чанар чансаа”, “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Төр улсыг засан тохинуулахуй” зэрэг сонирхолтой сэдвээр манай улсад лекц уншсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top