МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 2-нд дөрвөн жилийн хорих ял сонсоод ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдох болсон билээ.
Анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял сонссон ч ерөнхийлөгч байсан тул бусад хоригдлуудаас өөр нөхцөлд хоригдож байгаа ажээ. Тухайлбал, өмнө нь тус хорихын эмнэлэгт хэвтэж байсан шигээ ганцаараа нэг өрөөнд, дотроо гал тогоо, халуун ус, бие засах өрөөтэй нөхцөлд хоригдож байгаа юм. Мөн хуулиараа түүнийг хамгаалах төрийн тусгай хамгаалалт ирэх оны ерөнхийлөгчийн сонгуультай хамт дуусах тул тэрээр тусгай хамгаалалттай, тусгай алба хаагчдын камерын хяналтанд байна.
Одоогоор зөвхөн анхан шатны шийдвэр гарч, өчигдөр ялын тогтоолоо гардаж авсан тэрээр давж заалдана хэмээн мэдэгдээд байгаа.
Ялын тогтоолоо авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах өргөдлөө Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлснээр Нийслэлийн шүүх 30 хоногийн дотор хэрэгт шүүгч томилж, өргөдлийг хэлэлцэх өдрийг товлох учиртай. Харин давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн тохиолдолд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандах боломжтой ажээ.
Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх түүний ялын тогтоолыг нь гардуулж өгөхөд “Би давж заалдана” гэж хэлээд авсан байна. Өмнө түүнийг яллагдагчаар татаад байхад “Би сонсохгүй байна” хэмээн үглэж, шуугиан болж байсан бол энэ удаа гуравхан үг хэлээд л авчээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )