МАН шинэчлэгдэх яагаа ч үгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

            Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна. Энэ хурлаар Мөнхбаяр тэргүүтнүүдтэй хариуцлага тооцохоос гадна шинэ даргаа сонгох нь хамгийн том үйл явдал болоод байна. Нийслэл хэмээх том айлыг завсаргүй 22 жил удирдсан МАН-ын хувьд НИТХ-д ялагдал хүлээснээр нийслэлийн намын хороо нь хүндхэн цохилт аваад байгаа билээ. Сонгуулийн дараагийн дөрвөн жил сөрөг хүчний байр суурин дээр байгаа энэ нам санхүүжилтээ босгох, бүтэц зохион байгуулалтаа чамбайруулах, олон нийтэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд хийх гээд мундахгүй их ажил намын хороонд тохогдож байна. Гэтэл хотын фракци гэгддэг М.Энхболд тэргүүтэй МАН-ын хуучин лидерүүд өөрийн гарын хүнийг Нийслэлийн намын хорооны даргад зүтгүүлээд эхэлжээ. Хурлын эхний уур амьсгалаас энэ мэт зүйл ажиглагдаж байна. Газрын албаны дарга Сандуй гэж АТГ-ын араанд зуугдсан нөхрийг эс бөгөөс хотын мээр асан, “улаан хацарт” хэмээх Ц.Батбаярыг М.Энхболд нар намын дарга болгохоор зориг шулуудан зүтгүүлж буй аж. Хэдийгээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэрийг дэвшүүлнэ гэж яригдаж байгаа ч цаагуураа өөрсдийн гар хөл болсон, хэтэвч нэгтнээ сонго хэмээн намын хорооны гишүүдээ дарамталж байгаа сурагтай.

            Н.Энхбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар зайлж, манай нам шинэчлэгдлээ хэмээн зарлаж байсан МАН нөгөө бахь байдгаараа хэдэн дарга нарын халаасанд амьдарч байгааг ийнхүү Нийслэлийн намын хорооны хурлаараа нотолж байх шиг. Удахгүй Сандуй, Бадамжунай, Ц.Батбаяр тэргүүтнүүд АТГ-ын хаалга татаж, МАН нийслэлийн сонгуульд дахин 20 жил сураггүй алга болох нигуур энэ хурлын байр байдлаас харагдаж байна хэмээн МАН-ын залуу гишүүд бухимдаж байгаа сурагтай.

            Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top