-АНУ-д сонгуулиар мөнгө, архи тараах нь Холбооны улсын эсрэг гэмт хэрэг гэж үздэг-
Олон улсын хуульч, судлаач Энтони Дахертай ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Манай улсад хэзээ ирсэн бэ. Олон улсын хуульч гэхээр ямар чиглэлээр ажилладаг вэ?
-Би Монголд ирээд хоёр сар болж байна. Олон улсын хуульч мэргэжилтэй. АНУ-ын Калифорни мужийн Флорида Костал их сургуулийг төгссөн. Суралцах хугацаандаа болон төгссөнийхөө дараа АНУ-ын цагаачлалын тухай хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн холбогдолтой хууль тогтоомжуудыг судалж ажиллаж байна.
-Хоёр сар гэдэг бага хугацаа биш. Ямар ч байсан манай орны хууль эрх зүйн системтэй танилцаж амжсан байх?
-Монгол Улсын хууль тогтоомжуудтай танилцсан. Нэлээн нарийвчилж судаллаа. Монгол Улс хууль эрх зүйн системийн хувьд хөгжиж байгаа орон гэж дүгнэж болно. Европын тэр дундаа иргэний эрх зүйн тогтолцоонд суурилсан хууль тогтоомжтой юм байна. Шаардлагатай гэсэн хууль тогтоомжуудыг англи хэлээр хөрвүүлсэн байсан нь уншиж судлахад их дөхөмтэй байлаа. Цаашид шинэчлэн засварлах зүйл бишгүй байгаа ч бүхэлдээ нааштай дүр зураг харагдлаа.
-Таныг Монголд байх хугацаанд олон улсын анхаарлыг татсан нэг үйл явдал болсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асныг шүүхээс авлигын хэргээр буруутгаж ял ногдуулсан. Энэ үйл явцыг ажигласан уу?
-Мэдээж энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байсан. Шүүх хурлын бүх процессыг телевизээр шууд дамжуулж байсан нь сонирхолтой санагдсан. Манай улсад шүүх хурлыг шууд дамжуулахыг зөвшөөрдөггүй. Тиймээс Ерөнхийлөгч асан гэм буруутай эсэхээс илүү шүүх хурлыг бүхэлд нь шууд дамжуулах нь анхаарал татаж байлаа. Энэ нь эргээд шүүхэд хандах ард түмний хандлага өөрчлөгдөж, шүүх шударга ажиллаж байгаа эсэхийг үнэлэхэд дөхөмтэй юм.
-Таныг бас Монголд байх хугацаанд УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Зарим тойрогт нэр дэвшигчид хууль зөрчсөн асуудлыг шүүхээр эхнээс нь шийдвэрлэж байна. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Олны анхаарлыг татаж байгаа зарим тойргийн маргааныг анхааралтай ажиглаж судалж үзсэн. Тухайлбал, Өвөрхангай аймагт өрнөсөн маргаан байна. Миний олж авсан мэдээллээр, мөн болж байгаа үйл явцыг хөндлөнгөөс харахад энэ хэргийн үндсэн шалтгаан нь МАН-аас нэр дэвшсэн хүн сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тарааж хууль зөрчсөнөөс үүдэлтэй. Энэ бол байж боломгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа. АНУ-д ч гэсэн сонгогчдын саналыг худалдан авах, нөлөөлөх гэсэн оролдлого гардаг. Ийм тохиолдолд хууль зөрчигчдөд хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэдэг. Гэхдээ хариуцлага хүлээлгэхээс илүү тухайн нам, нэр дэвшигчид цаашдаа ард түмний итгэлийг даах боломж хаагддаг нь хамгийн том шийтгэл байдаг.
-АНУ-д сонгуулиар мөнгө, эд зүйл тараах зөрчил гардаг байсан гэлээ. Тэр тохиолдолд хуулиар ямар зохицуулалт хийдэг вэ?
-Зарим мужид архи, мөнгө, эд зүйл тарааж хууль зөрчсөн үйлдэл гарч байсан. Үүнийг Холбооны улсын эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Иймээс хорих ял ногдуулж хариуцлага тооцсон жишээ бий. Ер нь хуульд зааснаар хүнд шийтгэл ногдуулдаг. Танай улсад ч гэсэн Өвөрхангай аймагт ийм тохиолдол гарсан байна.
-Та олон улсын хүний эрхийн чиглэлээр ажилладаг. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласныг тойргийн хороо нь тогтоосон байдаг. Сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдийг ашиглах нь хүүхдийн эрхийн зөрчилд тооцогдох уу?
-Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтаар насанд хүрээгүй хүүхдийг аливаа хэлбэрээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог. Тэр дундаа улстөрийн үйл ажиллагаанд ашиглах нь ноцтой зөрчил. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Монгол Улс хүний эрхийн олон конвенцид нэгдэн орсон орон. Энэ хүрээндээ ч сонгуулийн үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хууль тогтоомжоороо хориглосон юм байна лээ. Тэгэхээр сонгуулийн кампанидаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан нэр дэвшигчид Сонгуулийн хуулиа төдийгүй хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна.
Д.Биндэр