МАХН-ын дарга Н.Энхбаярын бие өчигдөр 21 цагийн үед эрс муудан ухаан алдаж унасан байна. Хилс хэргээр хоригдож байх хугацаандаа 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зарлаж, албадан биед нь химийн тариа тарьсны улмаас түүний бие эргэн сэргэх боломжгүй болсон. Эмчлэгч эмч, харгалзагчид нь ч энэ тухай албан ёсоор мэдээлж байсан юм. Түүнийг батлан даалтад гаргаад муудсан эс эрхтнийг эргэн сэргээх эмчилгээ тууштай хийж байсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьсоны улмаас эмчилгээ тасалдан, бие нь эрс муудан ухаан алдахад хүрчээ. Түүний биеийг сэргээж, нөхөн төлжүүлэхийн тулд байнгын идэвхтэй хөдөлгөөн, өндөр агууламжтай хүчилтөрөгч шаардлагатай байна. Өнөөдөр түүний бие эрс муудан ухаан алдах явдал дахин гарвал эргэн сэргэх баталгаа байхгүй гэх эмчийн дүгнэлт гарчээ.
Уг нь олон улсын гэрээ конвенцид улс төрийн хоригдол олон хоногоор өлсгөлөн зарласан бол нөхөн сэргээгдэх эмчилгээг тасалдуулахгүй байх гэсэн заалт байдаг. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнийн шийдвэрээр түүний эмчилгээг таслан хорьсон явдал нь амь насыг нь хөнөө гэсэнтэй адил гэж үзэж байгаа. Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаярын амь насанд аюул тохиолдвол түүний ар гэрийнхэн С.Соёмбо-Эрдэнэ шүүгчээс амийг нь нэхнэ гэдгээ хэлээд байна.
Одоогийн байдлаар Н.Энхбаярын бие дээрдээгүй байгаад хорих 461 дүгээр ангийнхан сандарсан байдалтай байгаа. Гаднаас эмч дуудан байнгын хяналтанд нь байлгаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )