УИХ-ын чуулганы хуралдаан дууслаа. Чуулганы эхэнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын тоймыг Ч.Сайханбилэг гишүүн тайлагнав.
Чуулганы эхэнд Ерөнхий сайд: “Өнгөрсөн дөрвөн жил улс орны хөгжлийг тодорхойлдог гол байгууллага бол Хөгжил шинэтгэлийн хороо байлаа. Хөгжил шинэтгэлийн хороо гэдэг бол агентлаг. Агентлаг нь яамдтайгаа харьцаж, улс орны хөгжлийн бодлогыг зангидах хэмжээнд хүрч чадахгүй байна. Тиймээс статусыг нь нэмэгдүүлж агентлаг биш яам болгох нь зүйтэй юм гэсэн шийдвэрт хүрсэн. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж байсныг Эдийн Засгийн хөгжлийн яам болгож байна” гэдгийг онцлов.
Чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд МАН-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал Ц.Нямдорж АН-ын УИХ-д сууж байгаа гишүүдийн ихэнх нь сайд болж байгааг шүүмжилсэн бол Д.Лүндээжанцан шинэ Ерөнхий сайдтай болох бүрт хуулиндаа өөрчлөлт оруулаад байх нь зөв юм уу? Энэ бол буруу гэв. Шүүмжлэгчдийн дундаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэн үг хамгийн содон нь байлаа. Тэрээр “Зуун ямаанд 60 ухна гэгчээр яамдын тоог нэмж байгаа нь зохисгүй байна. Яамдын тоог дагаад сайдуудын тоо өсч тэр хэрээр дэд сайд нар бас нэмэгдэнэ. Яагаад дарга даамлуудын тоог нэмэх гээд зүтгээд байна вэ” гэв.
Хэдийгээр шүүмжлэлтэй ч УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороог 15:00 цагт зарлан хуралдуулж, дараагаар нь чуулганыг дахин хуралдуулахаар боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )