Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын алдартнуудаа урамшуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасныг хүлээн авах ёслол Төрийн ордонд боллоо.
Ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Олимпийн баг, тамирчдын ахлагч, Шадар сайд М.Энхболд, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид болон шигшээ багийнхан, дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн байна.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын хуралдааныг даргалахдаа хэлэлцэн дэмжсэн саналаа уламжилсан юм.
Ингэснээр Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2 сая төгрөгөөр урамшуулж, харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Олимпийн зай, жинд алтан медаль авсан бол 2 сая, мөнгө медальтанд 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар боллоо.
Тамирчдад сар бүр, насан туршид нь мөнгөн урамшуулал олгох нь тэдний ахуй амьдрал, бэлтгэл сургуулилт зэрэгт ихээхэн нэмэр болж, улам их амжилт гаргах хүсэл, зоригийг бадраан, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах олон тамирчин төрөн гарахад томоохон түлхэц боллоо гэдгийг Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав, З.Ойдов, С.Батцэцэг, Н.Түвшинбаяр нарын Олимп, Дэлхийн аваргын медальтнууд хэлж байлаа.
Монгол Улсын Засгийн газар медальтнуудаа тухай бүр нь шагнаж урамшуулж байна. Тухайлбал Лондонгийн зуны ХХХ олимпоос медаль хүртсэн 5 тамирчинд тус бүр 30-60 сая төгрөг, тэдний дасгалжуулагч нарт мөн мөнгөн шагнал олгоод байна.
Үүнээс гадна Үндэсний шигшээ багийн тамирчдын цалин, бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох, хувцас хэрэглэл, материаллаг баазыг бэхжүүлэх зэрэгт 2011 онд 1,8 тэрбум, энэ онд 4,1 тэрбум зарцуулсан нь амжилт гаргахад чухал нөлөө үзүүллээ.
Зарлигийг хүлээн авах ёслолын дараа Олимпийн баг, тамирчдын ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийв. Манай улс энэ удаагийн олимпоос 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн 56 дугаар байранд орсон. Харин нийт хүн амынхаа тоотой нь харьцуулахад дэлхийд 7 дугаарт бичигдэх амжилт үзүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )