Дэлхийн нэр хүндтэй палеонтологичид Монголын “Тиранозаурус Батаар”-т анхаарлаа хандуулсанд Монгол Улсын Ерөнхийлөгч талархлаа илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Канадын Алберта Их сургуулийн профессор, дэлхийн нэрт палеонтологич Филип Кюри, судлаач Эва Копелус нарыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын говиос олдсон “Тиранозаурус Батаар”-ыг АНУ-д хууль бусаар дуудлага худалдаанд оруулах гэж байх үед дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулахад хүчин зүтгэл гаргасанд нь эдгээр эрдэмтдэд талархал илэрхийлэв.

Профессор Ф.Кюри ярихдаа “Эрхэм Ерөнхийлөгч та улсынхаа төрийн тэргүүний хувьд палеонтологийн ховор олдвортой холбоотой асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авсанд бид талархаж байна. Монгол бол динозавр болон палеонтологийн олдвороороо дэлхийд гайхагддаг орон. Батаар-тай холбоотой шуугиан дэгдсэнээр Монгол Улс эдгээр ховор олдвороо хуулиараа хамгаалдаг, энэ талаар олон улсын гэрээ конвенцид нэгдсэн гэдгийг хүмүүс мэддэг боллоо” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  АНУ-ын Засгийн газар, Олон улсын палеонтологийн холбоо болон эрдэмтэн судлаачид, BBC CNN зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын талд байгааг дурдаад манай засгийн газар, энэ чиглэлийн ажил  хариуцдаг хүмүүст том сургамж болсон гэдгийг хэллээ.

Энэ уулзалтын үеэр монголд палеонтологийн музей байгуулах асуудлаар санал солилцлоо. Профессор Ф.Кюри нь дэлхийн хэд хэдэн алдартай музейг байгуулахад хамтран ажилласан, одоо зөвлөхөөр нь ажилладаг туршлагатай судлаач юм.

Монголын динозавртай холбоотой асуудал хуулийн дагуу шийдэгдэж , Батаар эх орондоо ирнэ гэдэгт итгэж байгаагаа Канадын эрдэмтэд энэ уулзалтын үеэр  илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top