УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн хамт Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 16 орчим саналын томъёоллоор дэмжлэг хүлээсэн байсан нь чуулганы хуралдаанд ийнхүү дэмжигдлээ. Тухайлбал, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах асуудал харьяалагдах байсныг хасч, оронд нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар болсон. Мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд газар зохион байгуулалтын бодлого харьяалагдаж байсан дээр нэмж усны нэгдсэн бодлогыг тусгаж өгсөн. Төслийн 1 зүйлийн 3 дахь хэсгийн Хүн амын хөгжил, нийгмийн хамааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнээс “-жендерийн хөгжлийн асуудал” гэснийг хасч Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмсэн нь тус тус дэмжлэг хүлээсэн юм.
Түүнчлэн Хууль зүйн эрхлэх асуудлын хүрээнээс оюуны өмч, патент зохиогчийн эрхийн асуудлыг хасч Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд нэмж оруулсны зэрэгцээ Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс түлшний хангамж нөөцийн бодлого, зохицуулалтыг хасч, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэв.
Ийнхүү нийт дэмжлэг хүлээсэн 16 саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар эл төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )