УИХ-ын гишүүн Ц.Цолмон: МАХН-МҮАН хоёр намыг нэгтгэе

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

 

УИХ-ын гишүүн Ц.Цолмон  нам болон эвслийнхээ  нийт гишүүдэд хандан уриалга гаргасан юм. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар түүнээс тодруулга авлаа.

- Таны гаргасан уриалгын талаар ярилцлагаа эхлүүлье.

- МАХН- МҮАН-ын  “Шударга ёс” эвслийг нэгтгэж нэг нам болгоё гэсэн уриалга саналыг намынхаа удирдлагууд болон гишүүддээ гаргаж тавьсан юм.

- Уриалгыг яагаад гаргах болов? Эсэргүүцэл, дэмжлэгийн алинтай нь тулгарав?

- Эсэргүүцэж байгаа хүн яг одоогоор сайн мэдэхгүй байна. Нэгдсэн тохиолдолд ямар нэртэй байх уу гэдгээс эхлээд нарийн ширийн асуудлууд бий. Ер нь оны эхэнд  МАХН- МҮАН-ын  улс төрийн холбоо есөн жил хамтран ажиллахаар болсон.  Улс төрийн энэ холбооны даргаар нь  Н.Энхбаяр, дэд даргаар би ажилладаг. Бид Монголоо аврах таван хувьсал гэдэг хөтөлбөртэйгээр сонгуульд оролцсон. Хөтөлбөрийг боловсруулж байхад болон хэрэгжүүлж эхлэхэд намуудын үзэл бодол,  үйл ажиллагааны хувьд ч ойр төстэй, зорилго нэгтэй, Монголын төлөө үндэсний эрх ашгийн төлөө гэдэг дээр ижил байр суурьтай байдаг.  Энэ болгоноос үүдэн намуудын дарга нар нэгдье гэсэн санал гаргаж байсан юм. Үүнийг л өнөөдрийн нөхцөлд, орон нутгийн сонгуулиас өмнө  ажил болгох нь зүйтэй гэж үзэж байна.  

- Ингэснээр ямар ашигтай юм бэ?

- 70/30 квот гэж яриад байдаг. Тэрийг болиод тухайн албан тушаалд тохирох хүмүүсийг хоёр намаас шалгаруулбал ажил хэргийн талаасаа зүгээр байна гэсэн ийм санал тавьж байна.  

- Хэрвээ хоёр нам нэгдвэл хоёр нам, эсвэл аль нэг нь  байхгүй болчих юм биш үү?

- Нэгдэж байгаа бол аль нэг нь устаж байгаа гэхгүй л дээ. Үйл ажиллагаагаа нэгтгээд нягтраад явчихна.  Нэрийн хувьд МАХН- МҮАН гэсэн нэртэй байх саналыг оруулсан. Аль аль  намынх нь гишүүд нэрэндээ дасчихсан болохоор МАХН- МҮАН гэсэн саналыг  оруулсан.  Нэгдэх асуудал дээр олонхоороо дэмжих байх гэж бодож байгаа.

- Анх хоёр нам эвсэл байгуулахдаа нэгдэж болоогүй юм уу?

- Намуудын нэгдэх талаар сонгуулийн өмнө бодож эхэлсэн. Харин уриалга бичихийн хувьд бол өчигдөр орой сууж бичлээ.

- Хоёр нам нийлбэл эвслийн нэр өөрчлөгдөх үү?

- “Шударга ёс” эвсэл чинь МАХН- МҮАН-ын нэгдэл. Хоёр намын нэг нь эвслээс гарбал эвсэл тарна . Харин  намууд нэгдэхийг хориглосон хуулийн заалт байхгүй. Тиймээс эвсэл тарах үр дагаварт хүрэхгүй.

- Хууль зүйн талаасаа зохицуулалт нь  ямар байдаг юм бол?

- Болно гэж үзэж уриалга гаргасан.

- ИЗНН  нэгдэхэд асуудал үүсэж байсан. Энэ асуудал давтагдах болов уу?     

- Би бол өөдрөгөөр сэтгэж байгаа.

- Нам нэгдэх саналыг аль намын гишүүдтэй ярилцсан бэ?

- Аль аль намын гишүүдтэй ярилцсан.  Эвслийнхээ удирдлагад хэлээгүй байгаа.  Өнөөдөр хоёр нам нийлэх зүйтэй гэсэн хувийнхаа саналыг гаргасан нь энэ.

- Ярианыхаа сэдвийг өөрчилж болох уу?

- Бололгүй яахав.

- Шинэ  Засгийн газрын сайд нарын нэрс албан бусаар тодорчихсон байгаа. Харин туршлагатай улс төрчийн хувьд таны  нэр харагдахгүй байна?

- Энэ асуултыг хэд хэдэн сэтгүүлч асууж байсан. Би өмнө нь гурван яаманд сайд, дэд сайдаар ажиллаж байсан. Энэ удаа УИХ-ын гишүүнээр анх удаа ажиллаж байна.  Тийм болохоор гишүүнийхээ ажилд гол анхаарлаа хандуулах болохоор  Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ  хэлж байсан. Энэ байр суруин дээрээ одоо байгаа. Харин одоо эвслийн залуу, дунд насны улс төрчдөө дэмжээд, тэдний ажилд чадах чинээгээрээ тусална.

- Эвсэл Шадар сайд, гурван яамыг тэргүүлнэ. Шадар сайдад Д.Тэрбишдагва,  Сангийн сайдад  М.Энхсайхан нар яригдаад байгаа.  Энэ томилгоог бүлэг дотор эсэргүүцэж байгаа хүн байгаа юу?

- Албан ёсоор нэрс тодроогүй, яригдаж байгаа ш дээ. Товчхон хэлбэл сайдын дөрвөн суудалд дор хаяж найман хүний нэр яригдаж байгаа. Өөрийн тань хэлсэн хүмүүсийг баталгаатай томилчихоод байгаа зүйл байхгүй. Тэднээс өөр яригдаж байгаа хүмүүс бий.

- Тухайлбал?

- Тэдний нэрийг хэлээд яахав дээ.

- Н.Энхбаярын шүүх хурлын талаар?

- Би хэргүүдийг нь үзсэн.  Тэр хэргүүд бол үндэслэл багатай, нотолгоо  муу байсан, анхан шатны шүүхээс алдаатай шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа. Дараа дараагийн шатандаа алдаа засагдана байх.  Тухайлбал өмч хувьчлалын асуудалд төрийн албан хаагч нь л хариуцлага хүлээж, өмчилж авсан хүнтэй нь хэргийг хамаатуулах ёстой.  Н.Энхбаяр дарга бол хувьчилж аваагүй. Тэр утгаараа шүүх их зохимжгүй зүйл хийж байна. Энэ шүүх хурлын тухай Монголын сурах бичигт хэдэн арван жилийн турш  хамгийн алдаатай, урьдчилсан төлөвлөгдсөн гэдгээр орох байх. Үүнийг  шүүх, прокурорынхон өөрийнхөө үр хүүхэд, дараа дараагийнхаа үеийн өмнө их л дэмий юм хийж байгаа улс юм даа л гэж ойлгосон.

- Н.Энхбаярын бие муудсан гэдэг үнэн үү? Эсвэл...?

- Бие нь муудсан гэдэг мэдээлэл би ч гэсэн сонссон. Өөрийнхөө эвслийн нөхдүүдэд эмчилгээ талаас нь анхаарч хандааач ээ гэж ярьж байсан. Тэр талаар бол мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа байх гэж бодож байна.  Олон өдөр хуурай өлсгөлөн зарласан хүний хувьд  хүнд байгаа байх. Аль аль талаасаа хүнлэг ёсоор хандаж эмчилгээнд хурдан орно байх гэж бодож байна.

- Эвслээс листээр нэр дэвшигчдэд яг ямар шалгуур тавьсан юм бэ?

-  Нам, намын өөрийн тактик байгаа.  УИХ-д нэгэнт гарсан гишүүдийг бага ажилласан, тэр нь тийм гэх өрөөсгөл ойлголт. Тойрог лист гэлтгүй бүгд томсгосон тойрогт ажиллах болно.

- З.Баянсэлэнгийг  эвслийн листэд байхдаа сохор азаар  УИХ-ын гишүүн  болсон гэх яриа байдаг?

 - Монгол улсын иргэн бол УИХ-д нэр дэвших эрхтэй ш дээ.  Тэр эрх нь З.Баянсэлэнгийн хувьд нээлттэй гэж үзэж байна. Боловсрол мэдлэг чадварын хувьд хүмүүс шүүмжилдэг юм билээ.  УИХ-д олон салбарын төлөөлөл байх ёстой.  З.Баянсэлэнгэ дээд сургууль төгссөн, Монголынхоо эрх ашгийг хамгаалах зорилготой хүн.  

- Таныг ажиллаж байсан улс төр одоогийн улс төрийн хооронд ялгаа харагдаж байна уу? Одоо шантаажны, өс авах гэсэн улс боллоо гэж хүмүүс ярих болж.

- 1990 онд би 37 настайдаа анх Хөдөлмөрийн сайд болсон. Тэрнээс хойш нэг хэсэг гудманд гараад, нэг засагт ажиллаад нөгөө эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг байсан.  Урьд нь ч ийм байсан, одоо хэвээрээ байна. Ер нь хувь хүмүүжил, гэрийн хүмүүжлээс л хамаарч байгаа.  Дээр үед сайхан байсан  гэж хэлэх үндэслэл байхгүй.  Эвгүй юм ярьж байгаа хүмүүсийн  хувь хүний хүмүүжлийн доголдол, сайн хүмүүжээгүй байдлаас л болж байгаа байх.   

-Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамаарах уу?

- Ц.Нямдорж биднийг хэлэх хэлэхгүй үгээр яриад  байна лээ. Урвагч шарвагч гэсэн байхаа?

-Тийм.

- Урвана гэдэг бол эх орноосоо урвахыг хэлдэг. Улс төрийн  намаас гарч болно, орж болно. Улс төрийн намыг шинээр байгуулж болно. Гадны байгууллагад санаатай болон санамсаргүйгээр ашиглуулах нь эх орноосоо урвасанд орно ш дээ. Тийм хэрэгт өөрөө ороогдож байсан. Тэгэхээр тэр бол зохимжгүй үг л дээ. Монголчууд хуваагдаад задарч бутраад байвал гадныханд сайн.  Түүний хэлсэн үг бол гадныханы эрх ашигт л үйлчилж байгаа.

- Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top