А.Ганбаатар: Ерөнхийлөгч эв эрүүл, сав саруул байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17


Ерөнхийлөгчийн эрүүл мэнд эрс муудаж, албан  ажлаа гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тухай цөөнгүй сайтаар мэдээлэл цацагдсан билээ. Үүнд нэг мөр хариулт авах зорилгоор болон цаг үеийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай уулзаж ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар санаа зовнимоор мэдээллүүд цацагдаж байна. Төрийн тэргүүний эрүүл мэнд улс орны язгуур эрх ашигтай шууд холбоотой учраас тантай ярилцаж байгаа нь энэ? 

-Харин тиймээ. Өчигдрөөс эхлээд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудалд санаа зовнисон гэхээсээ илүүтэйгээр заналхийлсэн, гүтгэсэн аястай бохир мэдээллүүд цацагдлаа. Мэдээж хэрэг төрийнхөө тэргүүний эрүүл мэндэд дээрх мэдээллийг авсан иргэд маань санаа зовниж байгаа. Ерөнхийлөгч эв эрүүл, сав саруул эрч хүчтэй ажиллаж байгаа шүү дээ. Ер нь ч өөрөө эрүүл чийрэг, спортоор хичээллэдэг хүн.  Дөнгөж өчигдөр Лондонгийн олимпод оролцсон тамирчдаа хүлээж авлаа. Мөн олимп, Дэлхийн аваргад амжилт гаргасан тамирчдад сар тутам, насан туршид нь мөнгөн урамшуулал олгох сайхан санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгож чадлаа. Ийм гэрэл гэгээтэй зүйлийн хажуугаар тийм харанхуй бүдүүлэг, ой гутам зүйл цацагдаж байгаад харамсаж байна.

-Үүнийг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан хар ПИАР гэж ойлгож болох уу?

-Мэдээж хэрэг сонгууль угтсан хар бүхний эхлэл энэ байх. Өөр хүчин зүйлүүд бийг ч үгүйсгэж болохгүй. Энэ янзаараа сонгууль ойртох тусам гүтгэлэг, гүжир үгс газар авах бизээ. Ерөнхийлөгч болохыг санаархаж буй хэн нэгэн, Ерөнхийлөгчтэй болох гэсэн улс төрийн намуудын аль нь ч бай цэвэр шударгаар өрсөлдөх ёстой. Түүнээс биш ийм хар энерги шингэсэн бохир мэдээллээр тэмцвэл түмэн олон хилэгнэн зэвүүцнэ шүү дээ. Ер нь Ерөнхийлөгчийн зүгээс авлига, хээл хахууль, нийгэмд нүүрлээд буй шударга бус явдалтай ихээхэн тэмцэл өрнүүлж байгаа. Үүнд эгдүүцсэн бохир бүлэглэл, авлигачдын зүгээс явуулж буй гүжир гүтгэлгийн нэгээхэн хэсэг юм даа. Ерөнхийлөгчийн эрүүл мэнд гэхээсээ илүүтэйгээр Монгол төрийг өвчлүүлэх гэсэн увайгүй башир хүмүүсийн хорсол хилэн байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл Ерөнхийлөгч нийгмийг өвчлүүлээд буй шударга бус байдал, авлига хээл хахуультай цагаан нөмрөгтэй эмч нар шиг л тэмцэж байна.


-Энэ асуудлаар шүүхэд хандах уу?

-Хэвлэн нийтлэх эрх чөлөө ирсэн 1990 оноос хойш Ерөнхийлөгч ганц ч сонин хэвлэлийг шүүхэд өгч байгаагүй. Өгөх ч үгүй. Хүн өөрийнхөө бүтээсэн үнэт зүйлийг устгаж чаддаггүй хэмээн Ерөнхийлөгч хэлдэг. Тийм ч учраас Ерөнхийлөгч маань хэвлэл мэдээлэлтэй заргалдах нь бүү хэл хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн бариад байгаа. Эрх баригчдыг хардах эрх бий гэж ярьдаг ч энэ удаагийн бохир мэдээлэл арай л ёс суртахуунгүй байна. Харин дээрх мэдээллийг зохиож, улмаар мөнгө төлөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан этгээдүүдийг хэн болохыг гадарлаж байгаа шүү дээ. Цаашдаа улам даварвал хуулийн дагуу хариуцлага тооцох асуудлыг ярьж болохыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгчийн тухай хуульд нэр төр нь халдашгүй дархан байх тухай заачихсан байгааг башир этгээдүүд уншихад илүүдэхгүй байх.

-Тэгвэл Ерөнхийлөгчийн бие эрүүл гэдэгт итгэж болох нээ?

-/инээв/ Ард түмэндээ хандаж дахин албан ёсоор хэлэхэд Монгол Улсын Төрийн тэргүүн эв эрүүл, сав саруул эрч хүчтэй албан үүргээ гүйцэтгэж байна.

 

Х.Гантөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top