Оросын онигоо Монголын төрд биеллээ олов

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17


 1990-ээд оны эхээр ОХУ-д “Алдартнуудтай адилхан хүмүүс” шоу зохион байгуулагдаж байсан. Олон ч хүнд хүрсэн гэдэг. Дараа нь олны анхаарлын төвд байсан шоу ч тарж, дуураймал алдартнууд сүртэй банкет хийж, орос зангаараа баахан ууцгаасан. Энэ үеэр “Ленин” согтоод “Федил Кастро”-той зодолдож халуухан юм болсон гэдэг. Ингээд тогтохгүй “Гарбочев”-ын эхнэрийг муу хэлэхэд цаадах нь гомдсондоо гудамжинд гүйж гараад иргэдэд зодуулчихсан гэсэн. Хачин байгаа биз. Гомдсон хүнийг зодож байгаа Оросууд тэнэг ч юм шиг. Гэхдээ тэрбээр нийгэмд ядуурал, гуйланчлал, үймээн самууныг авчирсан М.Гарбочевтай дэндүү адилхан байсан учраас цаадуул нь зодох нь гарцаагүй. За энэ ч яахав. “Гарбочев” тийнхүү гудамжинд иргэдийн гарын шүүс болж байх зуур дотор бас нэгэн үйл явдал болж байлаа. Уусан архиндаа согтуурхсан Держинский янхан нэхээд орилж эхэлж. Эцэс төгсгөлгүй нэхсэн учраас түүний энэ хүсэлтийг биелүүлэхийн тулд согтуу Свердлов Л.Тройцкийг түүнд авчраад өгчихжээ. Цаашдаа яасныг нь хэн  ч мэдэхгүй. 


Л.Тройцкийг түүх үзсэн монгол хүн бүхэн мэднэ. Большевик ч, меньшевик ч болж чаддаг яг л манай М.Энхсайхан шиг нөхөр. Тийм ч учраас хуурамч Л.Тройцкийг ч гэсэн согтуу хүний “сохор ухаан”-аар янхан нэхсэн Держинскийд зүгээр л тушаачихсан. Хамаа замбараагаа алддаг Оросын энгийн иргэдийн л зан. Гайхаад байх зүйлгүй.


Хожим нь энэ түүхийг хошигнол болгон Оросын алдарт шог зохиолч М.Задорнов өөрийн концерт дээрээ ярьж байлаа. Сүүлдээ онигоо болон хувирсан. Гэхдээ л эгэл жирийн цагаан хошигнол байлаа. Хэнд ч ярьсан хал балгүй явдал.
 

Энэ бол 20-иод жилийн өмнө зөвхөн алтартнуудыг дуурайсан Оросын энгийн иргэдийн хөгөлсөн түүх. Харин ийм тэнэглэл Монголын улс төрд явагдаж байгаа гэхэд хэний ч ой гутна биз. Тэгвэл яриангүй тийм зүйл бидний дунд, нүдэн дээр болоод байгааг юу гэхэв. Янз бүрийн гаралтай энгийн иргэдийн дээрх явдал ОХУ-ын улс төрийн хүрээнд хэзээ ч болохгүй гэдэг нь мэдээж. Гэтэл амьдрал дээр байж боломгүй тэрхүү эмгэнэлт явдал манай улс төрд биеллээ олж байгаа нь юутай ичгүүртэй. 

М.Энхсайханыг “МАН-тай нийллээ” гэж “Алтангадас”-ынхан нүд үзүүрлэчихээд өөрсдөө болохоор МАН-ынхантай өвөр түрийдээ ороод гурван жил гаран болсныг бүгд мэднэ. Хэл ам болгон гаргаж ирдэггүй л болохоос биш мэдэгдээд байсан явдал. Харамсалтай нь өөрийн толгой дээрх харыг олж хараагүй “Алтангадас” М.Энхсайханы толгойг ажигласан хэрэг. Гэхдээ энэ нь бусдад “амрагаа” алдахгүй гэсэн “Алтангадас”-ынхны ил хардалт байсан юм. Яг л В.Держинский дээр янхан нэрээр очсон Л.Тройцкий шиг. 

Өнөөдөр 2012 оны сонгуулиас олонхийн суудал авсан ч АН Засгийн газартаа цөөнхөө оруулж ирэхээс өөр гарц байгаагүй. Гэхдээ намаасаа, хүрээнээсээ шахаж гаргасан М.Энхсайхантай эргээд найр тавих нь учиртай. Юмыг яаж мэдэхэв нөхөр Л.Тройцкийгийн дүрээр ашиглах санаатай ч байж болох. Цаадах нь ч энэ дүрдээ дуртай. МАН-тай нийлж намаасаа шахагдсан. Нам байгуулаад ч ашиг олоогүй. Улс төрийн карьераа дуусгахгүйг хичээхдээ МАХН-тай нийлж хэсэг бужигнуулаад овоо алдрыг хүртсэн. Ямар ч байсан сайдын суудалтай л хоцорсон. Энэ бол түүний хэнийг ч ялгалгүй явсных нь үр шим. Харамсалтай нь хэзээд явалдагч хүний нэр сүр муу байдаг хойно доо. Ялангуяа М.Энхсайхан шиг нэгийг харж ашгийг олчихоод эргэж харалгүй хаяад явдаг хүний байр суурь хэр тогтнохыг хэлж мэдэхгүй юм.  

Эцэст нь бичихэд Орост болсон инээдэмт тохиолдол манай улсад эмгэнэлтэйгээр явагдаад зогсохгүй тоглоомын Засгийн газар, тоглоомын хууль дүрмийг баталсаар байгаа юм. 

Өнөөдөр Монголын улс төрд “янхан” нэхэгч нам, түүнийг нь авчрагч бүлэглэл, биеэ үнэлэгч нь бүгд байгаа. Тиймээс Монголын төрд согтуурхсан нэгэн хүссэнээ биелүүлж, аялдан дагагч биеэ үнэлээд олонхийг бүрдүүлсээр удлаа. Тун удахгүй “Гарбочев” шиг гудамжинд гараад зодуулах хэн нэгний хувь тавилан хөөрхийлөлтэй.

Б.Сайнаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 20

I”m rellay into it, thanks for this great stuff!

0  |  0
нжэ(202.170.82.35) 2013 оны 03 сарын 31

дэмий б****ай санаандаа орсныгоо л сараачиж байх юм

0  |  0
Top