Өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хурлын товыг даруй зарлахыг хүсэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарласан юм.

Н.Энхбаярыг энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс таван хэргээр буруутгаж, гурвыг нь хэрэгсэхгүй болгож, хоёр хэргээр нь дөрвөн жилийн хорих ял оноон, ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид хориод буй. Тодруулбал, “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал, ТV9 телевизийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх таван хэргээр буруутгаад байсан юм.

Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлын яллах дүгнэлтийг өнгөрсөн лхагва гаригт Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх гардуулан өгсөн билээ. Н.Энхбаяр яллах дүгнэлтээ хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй бөгөөд эрхийнхээ дагуу өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд давж заалдах өргөдлөө өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлээд байв. Харин түүний өргөдлийг дүүргийн шүүх Нийслэлийн шүүхэд хүргүүлсэнээс хойш ажлын 30 хоногт багтаан дахин шүүх хурлын товыг зарлах учиртай.

Гэвч түүний бие урьд яллагдагчаар татагдахдаа эрс муудаад батлан даалтад гараад байсан. Ингээд ахин хоригдож эхлээд өчигдрөөс бие нь муудаж, ухаан алдаж унасан байна. Өчигдөр клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс эмч нарын баг 461-р анги руу очсон бол өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тусгайлсан комисс томилогдон очжээ. ШШГЕГ-аас  “Н.Энхбаяр Урьдчилан хорих төвийн эмч на­рын хяналтад байгаа” хэмээн мэдэгдэж буй ч тэнд нь тухайн хүний эрүүл мэндэд мэндэд зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй, тийм нөхцөл боломж олгохгүй байсаар түүнийг ухаан алдуулж түргэн авахад хүргэлээ хэмээн зарим эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.

Мөн өмгөөлөгч С.Нарангэрэл Н.Энхбаярыг гэм буруугүй хэмээн Нийслэлийн шүүхэд ахин нотлох баримт өгөөд байгаа гэв. Монгол Улсын төрд хариуцлагатай өндөр албан тушаал хашиж,  улс орны хөгжил, хүн ардын амьдралыг дээшлүүлэхийн төлөө олон ажил санаачлан хэрэгжүүлж ирсэнийг нь хүндэлж үзээд 30 хоногийн дотор биш, яаралтай шүүх хурлын товыг  зарлахыг өмгөөлөгч нь хүслээ. Н.Энхбаяр өмгөөлөгчдөө ахин өлсгөлөн зарлах тухай мэдэгдсэн ч эрс татгалзсан байна.

Өмгөөлөгч С.Нарангэрлийн байр суурь “Би энэ хэргийг улстөрийн захиалгатай гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Зохиомол хэрэг. Зохиомол хэрэг бол зохиогчтой. Зохиогч нь хэн бэ гэвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж” хэмээн уг хурлаа өндөрлөсөн юм.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top