Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг хүсэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр ”Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсний дараа Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийнэ гэсэн юм.

МУ-ын иргэн Р.Гаанжуур, Ч.Дамдиндорж, Г.Баярсайхан, Л.Ганбаатар, Х.Батболд, Д.Энхболд, Б.Батболд нар Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан тул үүнд анхаарлаа хандуулахыг хүссэн ил захидал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлэх гэж буйгаа мэдэгдлээ.

Тэд захидалдаа “Цаазгүй монгол улс санаачлага гаргасан тэргүүний хувьд Н.Энхбаярын эрүүл мэнд, амь насанд занал учирч болзошгүй байгаа тул яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхэд анхаарна уу. Мөн түүний их өрийг тэглэсэн, газар хувьчлалыг эхлүүлсэн, мянганы зам, үндэсний хөгжлийн цогц бодлого бүхий урт хугацааны хөтөлбөрийн барим бичиг, эрчим хүчний нэгдсэн систем, үдийн цай хөтөлбөрийг санаачилсан, шашин соёл болон энхийг сахиулах үйлсийг дэмжин, мянганы хөгжлийн сангийн 280 сая долларыг хөөцөлдөж, өнөөнгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан зэргийг нь үнэлж эрүүл мэндэд нь анхаарлаа хандуулахыг хүсэв.  Мөн цэнхэр дэлгэцээр цацагдсан шүүх хурлын шийдвэр үзэж ажигласан ард түмэнд шударга гэх итгэл үнэмшлийг төрүүлсэнгүй. Н.Энхбаяр элдэв дарамтгүй чөлөөт орчинд эрүүл байвал цаашид ч эх орондоо ихийг бүтээж чадах эрдэм мэдлэг, дадлага туршлага, эх оронч сэтгэлтэй хүн гэдэгт бид эргэлзэхгүй байна” гэжээ. Ингээд төгсгөлд нь бидний уриалгыг дэмжиж байгаа жирийн иргэдийг МАХН-ын байранд ирж гарын үсэг зурж дэмжээрэй хэмээн уриалсан юм. Тэд захидлаа 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэн өгнө гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top