АН хамтарсан засагт ажиллуулах сайдуудаа томилж, улсын их хурлаар батлууллаа. АН-аас Засгийн газарт орж ажиллах 13 сайдаас хоёр нь Өмнөговиос тодорлоо. УИХ-ын гишүүн, "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Барилга хот байгуулалтын сайдаар тус, тус томилогджээ. Монголын эдийн засгийн гол тулгуур болоод буй өмнийн говиос хоёр сайд шинэ засагт орж ажиллах болсонд говьчууд сэтгэл дүүрэн байна. Монголыг тэжээх их баялгийн эзэд мөртлөө Өмнөговь аймгийн ард иргэд төрийн бодлого, хайр халамжаас холуур өнгөрчихөөд байдаг нь нууц биш. Энэ удаагийн парламентын сонгуульд улсын хэмжээнд АН-ыг хамгийн их дэмжсэн нь Өмнөговь аймгийн сонгогчид. Тиймээс ч засаг бүрдүүлэх давуу эрх олж авсны хувьд АН-ын удирдлагууд Өмнөговийн иргэдийн сонголтыг ийнхүү хүндэтгэв бололтой.
Д.Билгүүн