“Шударга ёс” эвсэл сайд нараа албан ёсоор зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

 

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан сая өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт ажиллуулах таван сайдынхаа нэрийг хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг: “Улс төрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж сайдын суудлыг 3:1 гэсэн харьцаагаар хуваарилахаар шийдвэр гаргасан. Эвслийнхээ эв нэгдлийг хадгалах үүднээс ийм шийдвэрт хүрсэн. МҮАН-ын зүгээс М.Энхсайханыг Засгийн газарт оруулж Шадар сайд юм уу, Сангийн сайдад нэр дэвшүүлье гэж байсан. Гэхдээ МҮАН-д сайдын нэг суудал ногдсон тул М.Энхсайхан дарга нэрээ татсан. Уг нь МҮАН-ын хувьд М.Энхсайхан даргыг Засгийн газарт хэрэгтэй, нийгэм, эдийн засгийг өргөн хүрээтэй харж чаддаг, түшиг болох хүн гэж үзэж байсан ч нэрээ татлаа. Ингээд МАХН-аас шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, МҮАН-аас Эрчим хүчний сайдад М.Сономпил нарын нэрийг дэвшүүллээ” гэлээ.

УИХ-ын дэд дарга Ч.Улаан Сангийн сайдад нэр дэвшсэн тул түүний оронд УИХ-ын дэд даргад Л.Цог гишүүний нэрийг дэвшүүлэх гэнэ. Гэхдээ УИХ-ын дэд даргыг МАХН, МҮАН-ын удирдлага дахин хэлэлцэх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top