Өнөөдөр АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн мэтгэлцээн эхэлж байгаа ба энэ нь бүгд найрамдахч Митт Ромнийн хувьд шаансаа нэмэгдүүлж болох бодит нөхцөл юм.
Одоогийн байдлаар сонгуулийн өмнөх марафонд Ерөнхийлөгч Барак Обама бүх нийтийн санал асуулгын урьдчилсан дүнгээр 49:45 харьцаатай өрсөлдөгчөөсөө түрүүлэн манлайлж байна. Сонгуулийн системийн онцлогтой уялдан одоогийн төрийн тэргүүн улс орны “маргаантай” мужуудад илүү давамгайлж нөлөөлөх боломжтой аж.
Обама, Ромни нарын хэнийг сонгохоо шийдэхэд нь америкчуудад энэ сарын 3,16,22-ны өдрүүдэд явагдах хоёр нэр дэвшигчийн халз мэтгэлцээн туслах юм байна. Түүнээс гадна, 11-ний өдөр дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй ардчилагч Жозеф Байден, бүгд найрамдахч Пол Райан нар үгэн дуэль хийх аж.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний эхний цаг хагасын раунд Колорадод Денверийн Их сургууль дээр орон нутгийн цагаар Лхагва гаригийн орой эхлэх юм байна. Мэтгэлцээн бүхэлдээ АНУ-ын дотоод улс төрийн бодлогод чиглэгдэх аж.
Америкийн хамгийн нэр хүндтэй теле сэтгүүлчдийн нэг Жим Лерер мэтгэлцээнийг хөтлөх ба 15 минутын хугацаатай 6 хэсэг болгож хуваарилахаар шийдвэрлэжээ. Эхний гурван хэсэгт хөдөлмөрийн зах зээл дээрх нөхцөл байдал, татварууд, үндэсний санхүүгийн системийн эмх цэгц гэх мэт харьцангуй тулгамдаад буй эдийн засгийн сэдвүүдийг авч хэлэлцэх юм байна. Үлдсэн хэсэгт нь эрүүл мэндийн талаар, мөн үндэсний асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн гүйцэтгэх үүргийн тухай ярилцах ажээ.
Эдгээр мэтгэлцээнүүдэд одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг ялах магадлал өндөртэй хэмээн сонгогчдын олонхи үзэж байна. Гэвч Обама, Ромни хоёр аль аль нь эдгээр мэтгэлцээнүүдэд ихээхэн ач холбогдол өгөн болгоомжилж байна.
Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар мэтгэлцээн нь сонгогчдын нэгэнт тогтсон шийдвэрийг төдийлөн өөрчилж чадахгүй ба харин улам баталгаажуулдаг гэжээ. Ихэнх америкчууд мэтгэлцээнийг сонирхохоор цэнхэр дэлгэцийнхээ өмнө суухдаа аль нэгийг нь болельшикдохоор шийдвэрээ гаргачихсан байдаг ба “өөрийн” нэр дэвшигчийнхээ гаргасан алдааг тухайн мэтгэлцээний үед тэр бүр анзаарахгүй, дараа нь сэтгүүлчид шуугиад эхлэхээр сая мэддэг аж.
Сүүлийн жилүүдэд урьдчилсан санал хураалтын хэлбэр их дэлгэрч байгаа ба мужуудын бараг тал хувьд нь явагдаж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )