Хадны завсар хавчуулагдсан Монгол

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

 

Жилээс жилд жижгэрч шуудайнаас жижиг тор болтлоо багассан атлаа үнэ нь талийж өгсөн нүүрсний үнийн асуудлыг шийдчихлээ гээд баярлаж ч амжаагүй байхад шатахууны үнэ зөрөөд нэмэгдчихлээ. ОХУ-ын “Роснефть” компани Монголд нийлүүлж буй шатахууны үнээ 49 ам.доллараар дахин нэмэхээ мэдэгдсэн тул Монголын нефть импортлогчид бензин шатахууны үнийг 200-230 төгрөгөөр нэмэх гэнэ. ШТС-ууд АИ-92 бензинийхээ үнийг картаар өгөөд эхэлчихсэн төдийгүй нэг жолоочид 30 литрээс илүүг өгөхгүй байгаа. Угаас сургаар үнээ нэмдэг наймаачид өргөн хэрэглээний барааны үнийг нэмэх вий гэсэн айдас иргэдэд төрөөд эхэлчихснийг нуух юун.

Өнгөрсөн сард Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл Сүхбаатар дүүрэгт байрлах Лениний хөшөөг буулгах шийдвэр гаргаж, ажил хэрэг болгосон билээ.

Түүх сөхвөл одоогоос 100-гаад жилийн өмнө Сайн ноён хан Намнансүрэн Орос улстай гэрээ хийж байжээ. Санктпетербургийн гэрээ хэмээгддэг уг гэрээнд Монголын дотоод асуудлыг Орос улстай зөвшилцөнө гэж тусгасан аж. Гэтэл В.И.Лениний хөшөө буулгахтай зэрэгцэн Оросууд Санктпетербургийн гэрээг сөхөж гаргаж ирсэн гэх. Төд удалгүй Монголд нийлүүлж буй шатахууны үнээ Оросууд 49 ам.доллараар дахин нэмлээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ унаж байгаа хэдий ч “Роснефть” компани Монголд зориулж үнээ нэмж байгаа нь зах зээл дээрх худалдаж байгаа нөхцөлтэй хамаагүй бололтой.

Өнгөрсөн долоо хоногт төмөр замын цаашдын хөгжлийн чиг хандлагыг гаргахдаа Засгийн газар Төмөр замын цаашдын бүтээн байгуулалтад ОХУ оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Тавантолгойн төсөл, төмөр зам барих асуудал, онгоцны түлшинд монополь тогтоох, Улаанбаатарт 100 ширхэг шатахуун түгээх станц барих хүсэлтэд Монголчууд татгалзсан. Монголчуудын байр байдалд төдийлөн таатай бус нөхцөл байдал дээр Лениний хөшөөг буулгасан болон төмөр замын асуудлаас болж бензин шатахууны үнэ өссөн гэхэд үгүй гэх газаргүй ажээ.

Нөгөө талаар Лениний хөшөөг буулгах үедээ Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл “Хятадын коммунист удирдагчид 60 сая эгэл жирийн хүнийг хоморголон устгаж байсан алуурчин нам. Хүн төрөлхтнийг хоморголон устгадаг терроризмыг үндэслэсэн Лениний хөшөөг буулгаж байгаад үнэхээр их баяртай байна” гэж хэлсэн нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчингийнхний дургүйцлийг төрүүлэв. Хятадын элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээн тодотгож Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг шаардсан байна. Мөн хотын захирагч Э.Бат-Үүлийг уучлал гуйх ёстойг ч энэ үеэр хариуцлагатайгаар мэдэгдсэн аж. Ингэхдээ Хятад Улс нь Монгол Улсын болон Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож байгаагүй бүрэн эрх, тусгаар тогтнолд нь хүндэтгэлтэй хандаж ирсэн гэдгээ ч онцолжээ. Түүнч­лэн энэ тухайгаа Хятадын гадаад хэргийн яам Бээжинд суугаа Монголын Элчин сайдын яаманд ч мөн албан ёсоор мэдэгдээд зогсохгүй Хотын даргын дээрх үг Монгол Улсын төр засгийн байр суурийг ямар нэг хэмжээгээр агуулж байна гэж үзэж байгаа тул Хятадын коммунист намын зүгээс Засгийн газрын хэмжээнд уучлал гуйхыг шаардсан байна.

Лениний хөшөөг буулгахад Оросууд 100 жилийн өмнөх гэрээг сөхөн гаргаж бензин шатахуунаараа боомилж байгаа өнөө үед Хятадын коммунист намын талаар Улаанбаатар хотын даргын хэлсэн үг Хятад Монгол хоёрын харилцааг хүйтрүүлж байна. Монгол улсын эдийн засгийн 80-90-ээд хувь нь Хятад улсаас хараат байдаг. Энэ бүх байдалд эгдүүцсэн Хятадын тал хилээ хаах гэнэ гэсэн яриа ч тархах болов. Хятадуудад төдийлөн таатай бус байдаг жирийн иргэн үзэл бодлоо илэрхийлсэн бол өөр хэрэг. Гэтэл Монгол улсын зүрх болсон Нийслэл хотын захирагч маань хоёр хөршийнхөө талаар иймэрхүү үг хэлэх нь хэр зохимжтой вэ. Хэдийгээр байгалийн асар их баялагтай ч хоёр их гүрний дунд хавчуулагдсан газар зүйн байрлалтайгаа бодолцож хөршүүдийнхээ талаар үг дуугараасай.

 Г.Энхтуяа

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top