БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок манай улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 15

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

            Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийнэ. Мөн зарим салбарын сайдууд  БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок-т бараалхах юм. Түүнчлэн БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт зочилж, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийн  Мэдээллийн технологийн сургууль, Улсын Төв номын сан зэрэг газруудтай танилцана.

            1948 оны 10 дугаар сарын 15-нд хоёр улс дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг 1998 онд байгуулагдсан бөгөөд БНАСАУ-ын Ардын Дээд Хурал дахь Солонгос, Монголын найрамдлын дарга Ким Ван Сү тэргүүтэй төлөөлөгчид 2007 онд манай улсад айлчилжээ.  Пхеньянд жил бүр зохиогддог “4 дүгээр сарын хаврын баяр”-т манай улс 1986 оноос хойш тасралтгүй оролцож байна. Түүнчлэн Найрамдлын нийгэмлэгүүдийн хооронд төлөөлөгчид солилцоо тогтмолжиж 2005 онд БНАСАУ-ын Сангийн сайд бөгөөд Солонгос-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Пак Бон Ил Монголд айлчилсан байна.

        2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг шинэчлэгдэн байгуулагдаж бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт  сонгогдон ажиллаж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top