УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хөдөө орон нутагт буюу Дундговь, Өмнөговь аймагт байрладаг Зэвсэгт хүчний зарим анги, салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Батлан хамгаалахын сайдыг ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, БХЯ-ны ТЗУГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сүхээ, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нар дагалдан явав.
Батлан хамгаалахын сайдыг Дундговь аймаг дахь 278 дугаар тусгай салбарт хүрэлцэн очиход салбарын захирагч, дэд хурандаа Э.Батсайхан, тус аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга нар, албаны бусад хүмүүс угтаж авлаа.
Тусгай салбарын талаарх танилцуулгыг сонссоны дараа ангийн нийт бие бүрэлдэхүүнд хандаж сайд Д.Бат-Эрдэнэ үг хэллээ. Сайд хэлсэн үгэндээ офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд голчлон анхаарна. Үүний тулд албан тушаалын орон сууцуудыг барих, хувьчлах асуудлыг ч хөндсөн юм. Мөн нийт бие бүрэлдэхүүнд их хаан, их түүхээрээ бахархах хэрэгтэйг онцлоод энэ чиглэлийн ном товхимлыг түлхүү уншиж байгаарай хэмээн зөвлөсөн юм.
Дараа нь Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангид зочлов. Даланзадгад цэргийн хүрээний хүндэт харуул Батлан хамгаалахын сайдыг хүндэтгэн угтлаа. Ангийн захирагч, хурандаа Д. Жигжидсүрэн ангийн түүх, үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаа хөндөн ярилаа. Түүний дараа сайд хугацаат цэргийн албаны дайчидтай хамт оройн хоол идсэн юм.
Мөн сайд Д.Бат-Эрдэнэ тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийв. Энэ үеэр сайд “Монголын цэрэг эрс эрт дээр үеэс эрэлхэг, гарамгай байлдах чадвартай байсныг түүхийн олон баримт гэрчилдэг. Өнөө цагт ч мөн адил ЭДА-нд манай цэргүүд олноороо явж монгол хүн, монгол цэргийн мэргэжлийн ур чадварыг дэлхий дахинд харуулж байгаад би Батлан хамгаалахын сайдын хувьд талархалтай байдаг гэж онцлосон юм. Мөн Батлан хамгаалахын сайд Шинэчлэлийн Засгийн газраас батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлуудаас дурдлаа.
Түүнчлэн ажил мэргэжлээрээ хошуучилсан ахлагч, офицер нарын энгэрийг сайд Батлан хамгаалах салбарын медалиудаар мялаалаа.
Сайдын очсон 3 дахь цэргийн анги нь Зэвсэгт хүчний 104 дүгээр тусгай салбар. Тус салбарын түүх, үйл ажиллагаатай танилцаж, зарим техник, хэрэгслийг шинэчлэх талаар санал бодлоо солилцсон юм. Засгийн газрын хэмжээнд зарим асуудлыг өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн БХЯ-ны шагналыг салбарын тэргүүний хүмүүст гардууллаа.
Өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн томорч, уурхайн дуу, хүмүүсийн хөл, хөдөлгөөнд дарагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бас очлоо. Батлан хамгаалахын сайд болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс эх орны бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг хамруулах асуудлаар сумын Засаг даргатай уулзаж санал бодлоо солилцсон юм. Тус суманд Зэвсэгт хүчний Сургалтын төв байгуулж, цэргийн алба хаагчдыг стратегийн томоохон орд газруудад ажиллуулан энгийн мэргэжилтэй болгох асуудлыг хөндөж байлаа. Сайдын энэхүү саналыг сумын Засаг дарга талархан хүлээн авсан. Уулзалтын дүнд сумын аль байршилд Сургалтын төвийг байгуулах талаар судалгаа шинжилгээ хийхээр тогтсон юм.
Мөн Цогтцэций суманд байрлах “Галларей” кэмпээр зочиллоо. Энэ газар “Транс говь” ХХК-ийн ажилчид байрладаг ажээ. БХЯ болон “Транс говь” ХХК-ний хооронд байгуулсан гэрээний дагуу цэргийн жолооч нар 6 сарын хугацаатай нүүрс тээвэрлэх ажил эрхэлж байна. Тэдний цалингийн 30 хувийг “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-д оруулдаг ажээ. Тус компаний захирал Б.Баярбилэг “Манай компани 3 дахь ээлжийн цэргийн алба хаагчдаа хүлээн аваад ажиллуулж байна. Нийт 15 анги салбараас ирсэн 35 цэргийн алба хаагч ажиллаж байгаа. Ажилчид маань сард дунджаар 3 сая төгрөгийн цалинтай. Цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Учир нь энгийн хүмүүсийг бодвол сахилга, зохион байгуулалт, хариуцлага өндөр байдаг” хэмээн ярьж байлаа.
Тус компани хүнд даацын 450 авто машинаар коксжих нүүрсийг 245 км-ийн хатуу хучилттай замаар тээвэрлэдэг аж. Тээвэрлэлтэд явж байгаа цэргийн алба хаагчид “Бид энэ компанид ажиллаж байгаадаа сэтгэл тун хангалуун байдаг. Гэхдээ шийдвэрлэх зарим асуудлууд байна. Гол нь цалингаа нэг сараар авч байх хүсэлтэй. Түүнчлэн ажлын гэрээгээ сунгах талаар дахин хэлэлцүүлмээр байна” гэдгээ илэрхийлж байв.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ “Монгол Улсын хөгжлийг тодорхойлох стратегийн томоохон орд газруудын бүтээн байгуулалтын ажил цаашдаа Таван толгойн бүс нутагт түлхүү явагдана. Үүнд хугацаат цэргийн алба хаагчдыг өргөнөөр оролцуулж, тэднийг цэргийн алба хаах хугацаанд нь мэргэжилтэй болгох, цаашдаа ажлын байраар хангах асуудлыг судалж байгаа. Үндэсний уул, уурхайн хөгжилд ач холбогдолтой хүнд машин механизмын болон инженер техникийн мэргэжилтэй ажилчдыг энэ шугамаар зах зээлд бэлтгэх зорилго тавьж байна. Нөгөөтэйгүүр стратегийн орд газар цэргийн анги байрласнаар орчин тойрон болоод ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, харуул хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэх боломжтой болно” хэмээн онцолж байлаа.
Цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар, БХЯ-наас хэрэгжүүлэх гэж буй уг хөтөлбөр биеллээ олсноор цэргийн албыг сонирхох залуусын тоо улам нэмэгдэх ач холбогдолтой юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Amjilt gedeg aavin huugiin zutgeleer irsniig hen ch medne alivaa undestend tuuchee bolson tiim aguu huch baij gemee ni araasaa achaani hundiig uurdeg biz dee humuusee bie biedee uram hairlay uund henees ch yu unah ve dee minii ard tumend iim aavin huuduud baisand bid bayrlaj yavah heregtei.Ergen toirnoo hardaa humuusee hun urmaar tejeegdej uudrug yavdag biz dee.