Их хааныхаа төрсөн өдрийг бид анх удаа тэмдэглэлээ. Эзэн богд Чингис хаанаа дээдэлсэн Монгол төрийн шийдвэрийг ард түмэн баяртай хүлээж авлаа. Харин Ард түмний энэ баяр хөөр улс төрийн ээлжит шоуны салхинд дарагдав. Чингис хааны төрсөн өдрийг санаачилсан нь Улс тунхагласны баярыг булшлах энгийн нэг улс төр байжээ.
Жил бүрийн 11 сарын 26-нд “Монголын ард түмний биш МАН-ын баяр”-ыг тэмдэглээд байна хэмээн АН-ын лидерүүд оношилсон юм байх. Баяр гэхээр манайхан ажлаа тасалж, архи уухыг нэрлэдэг учраас өнгөрсөн Лхагва гарагт гайгүй сайн савцгаалаа. Нэгийг хасч, нэгийг нэмсэн болохоор архи уух, ажил таслах өдрийн тоо нэмэгдээгүй нь сайн хэрэг.
11-р сарын 26 бол Монголын ард түмэн анхны Үндсэн хуулиа батлан, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр юм. Өнөөдрийн Ардчилсан Монгол улсын суурь үүнээс эхтэй. Хэрвээ тэр нэгэн өдөр тусгаар Монгол улсаа тунхаглаж чадаагүй бол 90 оны ардчилсан хувьсгалын тугийг Эбэ ерөнхийлөгч, Үүл баатар нар мандуулах хувь заяа олдохгүй байв.
Харин манай төрийн гурван “өндөрлөг” болон АН-ын томчуудын хувьд энэ өдөр их л эгдүүг нь хүргэдэг байсан бололтой юм. Бат-Үүл баатар Лениний хөшөөг баяртайгаар нураан унагаасан шиг Бүрэн эрхэт тусгаар Монгол улсаа тунхагласан өвөг дээдсийнхээ гавьяат өдрийг эрх баригчид ад үзэв. Ингэхдээ эзэн хааныхаа төрсөн өдрөөр халхавч хийх мэргэн санааг олжээ.
Их Хаанаа хүндэлж дээдэлдэггүй Монгол хүн гэж хаа байхав. Харин Их Хааныхаа нэрээр архи хийж, оймс зарж, эцэст нь улс төрийн “өөдгүй” Пи Ар хийж байж манайхны санаа амрах байсан бололтой. АН-ынхан улс тунхагласны баярыг үгүйсгэсэн гол зорилго нь уг түүхэн үйл явцыг бүдгэрүүлснээр МАН-ыг орон нутгийн сонгуулийн өмнө давхар цохих санаа өвөрлөсөн нь анзаарагдана. Д.Сүхбаатар Ардын намын гишүүн байсан учраас АН-ынхны дургүйг үнэхээр их хүргэж, харин их хаан маань намын гишүүнчлэлд хараахан хамрагдаагүй байсан тул АН-д 850 жилийн дараа “элсэн” орж Д.Сүхбаатарын намтай холбоотой байж болох тэмдэглэлт өдрийг бут ниргэлээ.
Түүхэн үйл хэргийг Монголын ард түмэнд хийж өгсөн их хүмүүсээ, домогт баатруудаа ингэж улс төрийн ашиг хонжооны золиос болгон талцуулах ухаан манай эрх баригчдаас хээвнэг гарч байна.
“Чингис Хаан угаасаа ардчилсан үзэлтэй, нуруу намхантай хүн байсан. Одоо ч гэсэн Монголын төрийн 3 өндөрлөгийн дундаж өндөр 156см шүү дээ” хэмээн АН-ын гишүүд бахархаж, бас тохуурхаж ярихыг сонслоо. Одоо Чингис Хаанд өгөх намын батлахынхаа дугаар дээр Н.Алтанхуяг гацчихаад байгаа юм биш үү. 1162.11.14 гэх үү, 1206.11.14 гэх үү. Нэг тийм билэгдэлтэй тоог намын батлах дээр нь бичээд хөшөөнийх нь гарт атгуулчихвал Чингис хаан АН-ын хүндэт дарга болж ерөнхий сайдын санаа амрах бололтой шүү, янз нь.
Ер нь тэгээд чулуун хөшөө, өдөр судартай зодолдож байхаар утаа, махны үнэтэй тэмцээчээ гэж их хааны сүнс хилэгнэж байгаа даа, дарга нар минь.
Ц.Болд
Сэтгэгдэл ( 0 )