Шинэчлэлийн Засгийн газар иргэд, олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авах “11 11 төв”-ийг 10 дугаар сарын 12-нд нээснээс хойш 10 мянга дахь иргэний санал, хүсэлтийг өнгөрөгч Даваа гаригт буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэн авчээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 10900 гаруй санал бүртгэгдээд байгаагийн 80 орчим хувийг санал, хүсэлт эзэлж байна. Тус төв иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг Засгийн газрын яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваарилан иргэдэд холбогдох хариуг хүргүүлэн ажиллаж байна. Өнгөрөгч 7 хоногт “11 11 төв”-д нийтдээ 2200 гаруй иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэд ихэвчлэн жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлаар тус төвд ханджээ. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой санал хүсэлт өнгөрсөн 7 хоногт ирсэн саналуудын 40 гаруй хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн яамнаас Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 2012 оны 12 сарын 01-ээс эхлэн орон нутагт шилжүүлнэ, 2012 онд Улсын төсвөөс жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлттэй зээлд зориулж зээлийн эх үүсвэр хуваарилаагүй учраас энэ онд зээл олгох боломжгүй талаар иргэдэд хариу илгээжээ. Мөн хөдөлмөрийн эрхлэлтийн талаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилт болох “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан ажиллаж байна. Уг хөтөлбөрт Гадаадад ажиллаж амьдарч байгаад буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудал тусгагдаад байгаа талаар мэдээллийг иргэдэд хүргэсэн юм. Харин Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 6 хувийн хүүтэй зээлийн орон сууцны санхүүжилтийн асуудлаар иргэд багагүй хандаж байгаад Сангийн яам 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах зээлийн хүсэлтийн хэмжээ нь шийдвэрлэгдэж, санхүүжилтийн эх үүсвэрээс хэтэрсэн учраас ОССК, Төрийн банк иргэдийн зээлийн хүсэлт авахыг түр зогсоогоод байгаа хэмээн хариултыг 11 11 төвд ирүүлжээ.
Үүнээс гадна 11 11 төвд хандсан иргэдийн санал хүсэлтийн ихэнх хувийг эзлэх болсон Нийслэлтэй холбоотой асуудал ч энэ долоо хоногт жин дарсан хэвээр байлаа. Утаагүй зуухны асуудлаар 30 иргэн, хот тохижилттой холбоотой асуудлаар 56 иргэн, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний асуудлаар 39 иргэн тус төвд хандан санал, хүсэлт, гомдол ирүүлжээ. Эдгээр асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт цахимаар хүргүүлж хариу өгүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
засгийн газрыг огцруулахгүй бол МАНамын 20жилийн луйвар илрэх гээд баларч байхад нь шинэ засгийг дэмжицгээе...