Монгол улсаас гадаадад албан ёсоор оршин суугаа 110,000 орчим иргэн байдаг ажээ. Мэдээж гадаадын аль нэг улсад “харлаж” үлдсэн элэг нэгтнүүд маань дээрх тоон дээр нэмэгдэнэ. Тэгвэл албан болон албан бусаар гадаадад оршин суугаа дээрх иргэд энэ удаагийн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох хуралдаанд оролцохгүй гэнэ. Учир нь шинээр батлагдсан сонгуулийн тухай хуулинд энэ талаар тусгаж өгөөгүй юм байна.
Гадаадад байгаа ч гэсэн элэг нэгтнүүд маань сонгох, сонгогдох эрхээ Үндсэн хуулийн дагуу эдлэх эрхтэй. Тэгтэл сүүлд батлагдсан “бацаан” хуулинд эцэг хууль маань цохиулснаас гадаад дахь Монголчуууд маань эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн нь харамсалтай.
Өөр талаас нь бодож үзье. Гадаад дахь Монголчууд бүгд сонгуулийн насны иргэд. Тэд Монгол улсын сонгуулийн насны нийт иргэдийн багагүй хувийг эзэлнэ. Тэгэхээр дараа дараагийн сонгуульд тэдний саналыг өгүүлдэг болгох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл гадаадад 2-3 сар болоод ирэх хүн өөрийнхөө төлөөллийг сонгож чадахгүй хохирч байна гэсэн үг. Тэгэхээр гадаад дахь Монголчуудыг бүгдийг нь биш юмаа гэхэд ядаж гадаадад оршин суух хугацаанаас нь хамааран тэдгээр иргэдийг сонгуульд оролцуулах хэрэгтэй болж байгаа биз.
Тиймээс хууль санаачлах эрх бүхий этгээд болох УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч танаа хандаж гадаад дахь иргэдийн сонгох эрхийг нь эдлүүлэх тал дээр Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )