Энэ жилийн Орон нутгийн сонгуулийг анх удаа өвөл зохион байгуулж байна. Баг сум бүрээс төлөөлөл орсон, улсаас хуваарилсан төсвийг өөрсдөө захиран зарцуулах эрхтэй, урьд өмнөхөөс өндөр эрх ямба бүхий орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг энэ өдөр Монголын ард түмэн сонгох юм. Баг болгоны төлөөлөгч сумын ИТХ-д, сум болгоны төлөөлөгч Аймгийн ИТХ-д шууд суухаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд хуульчилсан.
2008 онд Орон нутгийн сонгуулийн ирц нийслэлд 65,6 хувьтай, хөдөө орон нутагт түүнээс бага ирцтэй гарч байсан удаатай.
Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооны 11 цагийн мэдээллээр сонгуулийн ирц 15,7 хувьтай байна. Өнөөдрийн сонгуульд идэвхитэй оролцохгүй бол та бидний хөлс хүчээрээ бий болгосон 5.4 тэрбум төгрөг салхинд хийснэ. Үүнээс гадна Орон нутгийн сонгуульд санал өгөөгүй хүнийг төрийн албанд ажиллах эрхийг нь хасах хатуу чанд заалт Орон нутгийн сонгуулийн тухай хуульд байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. Энэ өдрийг иргэдийн сонголтоо хийх хариуцлагатай өдөр хэмээн бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан ч сонгуульдаа оролцохгүй бол амрах эрхгүй гэж Ерөнхийлөгчийн хэлснийг санаж сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )