Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа элчин сайд нартай уулзлаа.
Ерөнхий сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болоход Европын холбооноос дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр мөн Монголд суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, дипломат корпусын ажилтнуудтай Шинэчлэлийн Засгийн газар ойр дотно харилцаж, бодлого зорилтоо тодорхой танилцуулан ажиллаж байгааг онцоллоо. Үүний нэг нь “Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” уулзалт ба үүнийг цаашид тогтмол зохион байгуулж байх болно гэж Засгийн газрын тэргүүн тодотгосон юм.
Үүний дараа Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, зорилтоос товчхон танилцуулахдаа гурван гол чиглэлд анхаарлаа түлхүү хандуулан ажиллаж байгааг Ерөнхий сайд Монгол Улсад суугаа элчин сайдуудад онцлон хэлсэн. Хамгийн эхнийх нь төрийн хүнд суртлыг халж, тунгалаг төр бий болгох зорилт. Энэ зорилтынхоо хүрээнд өнгөрсөн 90 хоногийн хугацаанд хэд хэдэн алхам хийснийг дурьдлаа. Тухайлбал, төрийн байгууллагын үйлчилгээний давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгахаар 48 агентлагийг 28 болгож цөөрүүлсэн, Төрийн ордныг нээлттэй болгож, Төрийн түүхийн музейд иргэд чөлөөтэй зочлон монгол төрийн түүхтэйгээ танилцдаг болсон, “11 11 төв”-ийг нээж, мэдээллийн бүх сувгаар иргэдийн санал хүсэлт хүлээж авч, нэг сувгаар хариулт өгдөг болсон, шийдэл хүлээсэн асуудлаар иргэдийн саналыг сонсохоор “Шинэчилж шийдье-222” уулзалтыг сар бүр зохион байгуулдаг болсон, орон нутгийн удирдлагуудтайгаа сар тутамд цахим хурал хийж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг болсон, “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” уулзалтаар төрийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж, хариуцлага нэхдэг болсон зэргийг Засгийн газрын тэргүүн онцлон нэрлэсэн юм. Энэ хүрээнд цаашдаа авлигын бугшмал асуудлыг шийдвэрлэх ажлууд хийхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгалаа. Хоёрдугаарт, иргэдийн амьжиргаанд ихээр нөлөөлж буй инфляцийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэхээ Засгийн газрын тэргүүн хэлээд, мах, гурил, хүнсний ногоо, нефтийн бүтээгдэхүүн, барилгын болон тээврийн зардлыг бууруулахад чиглэсэн ажлуудыг эхлүүлээд байгаагаа тодотголоо. Шинэчлэлийн Засгийн газрын гурав дахь томоохон зорилт бол шинэ бүтээн байгуулалт болохыг тэрбээр мөн хэлэв. Нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй 12 аймгийг ирэх дөрвөн жилийн хугацаанд холбож дуусгана, шинэ төмөр замыг Тавантолгой орчимд барьж эхэлнэ, иргэдийг, ялангуяа бага дунд орлоготой өрхүүдийг орон сууцжуулах ажилд том дэвшилт гаргана, боловсруулах үйлдвэрүүд байгуулах, аж үйлдвэрийн паркууд босгох, нефть боловсруулах болон цахилгаан станцуууд барих зэрэг ажлыг эхлүүлнэ.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн эдгээр гол зорилт, эхлүүлсэн ажлаас танилцуулаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг элчин сайдуудын сонирхсон асуултуудад тодорхой хариулт өглөө. Элчин сайдуудын зүгээс Монголын Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн дээрх ажлуудын хүрээнд Европын холбоо, түүний гишүүн орнууд аль салбарын төсөл, хөтөлбөрт түншилж хамтран ажиллавал Монголын талд үр өгөөжтэй байх талаар онцлон сонирхсон. Энэ асуултад Засгийн газрын тэргүүн хариулахдаа “Олон чиглэл бий. Тэр дундаа боловсруулах үйлдвэрүүд босгох чиглэлд Европын холбоо том түнш, хамтарч ажиллах талбар гэж харж байна. Зэс хайлуулах, нефть боловсруулах болон гангийн үйлдвэр босгоход хамтран ажиллах бүрэн боломжтой” гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )