Ардчилсан нам 10 аймаг, хоёр дүүрэгт баттай ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Орон нутгийн сонгуулийн тухай мэдээллийг СЕХ албан ёсоор өнөөдөр хийнэ. Одоогийн байдлаар тодорхой цаг товлогдоогүй байна.  АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь мэдээлэл  хийлээ.

Түүний өгсөн мэдээллээр Ардчилсан Хан-Уул, Багануур дүүрэг болон арван аймагт  баттай ялалт байгуулсан аж. Нийслэлийн хувьд Орон нутгийн сонгуульд 2400 гаруй автомат машин ажилласанаас 1600 машины саналын тооны дүн ирээд байгаа юм байна.

“Орхон аймгийн төвд 19 суудлаас 11-ийг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид авсан. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант сумдад тус намынхан үнэмлэхүй ялалт байгуулсан. Өмнөговь аймгийн төвд 22 суудлаас 16-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялсан  бол 15 сумаас есөд нь тус намаас нэр дэвшигчид олонхи болсон. Баянхонгор аймгийн төвд 28-15, харин сумын тухайд 20 сумаас 11-т нь АН ялалт байгуулсан. Булган аймгийн төвд 21-ээс 12-т АН ялсан бол Хэнтий аймгийн 11 сумдад Ардчилсан намаас нэр дэвшигчид ялж олонхи болсон. Ховд аймгийн 28 сумаас 18-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж ялалт байгуулсан бол Увс аймгийн төвд 19-өөс 16-д нь, Баян-Өлгий аймгийн төвд 21-ээс  16-д нь Ардчилсан намын нэр дэвшигчид ялсан. Төв аймгийн төвд 32-оос 15-д нь Ардчилсан нам ялсан бол Сэлэнгэ аймгийн найман сумаас зургаад нь тус намын нэр дэвшигчид ялалт байгуулсан. Дорнод аймгийн тухайд 14 сумын гурвынх нь мэдээлэл ирсэн бөгөөд мэдээлэл ирсэн гурван сумд Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан. Бусад 11 сумаас мэдээлэл хараахан ирж амжаагүй байгаа. Хөвсгөл аймгийн сумдаас долоод нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулаад байгаа бол Өмнөговь аймгийн 11 суманд мөн тус намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан” гэсэн мэдээллийг хүргэсэн юм.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top