Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төв мэдээлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

 Шинэчлэлийн Засгийн газрын чих болсон 11 11 төвд өнгөрсөн хугацаанд нийтдээ 12300 орчим иргэн хандаад байгаагийн 5700 орчимд нь өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар хариулт өглөө. Өнгөрөгч 7 хоногийн хувьд 830 орчим хүн тус төвд хандан, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархлаа илэрхийлжээ. Эдгээр иргэдийн 569 нь буюу 71 хувь нь нийгмийн шинжтэй асуудлаар хандсан байна. Саналуудын ихэнх хэсгийг тэтгэвэр, тэтгэмжийн шинэ хууль батлагдсантай холбоотойгоор гарсан журмуудын талаар болон хөдөлмөр эрхлэлт, халамжийн тухай санал хүсэлт эзэллээ. Орон нутгийн сонгууль явагдсантай холбоотойгоор иргэдээс 11 11 төвд цахим үнэмлэхний хэвлэлтийн талаар нилээдгүй санал хүсэлт, гомдол ирүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуваарилан шуурхай барагдуулан ажиллажээ.  

 Үүнээс гадна анхаарал татаж байгаа асуудал бол иргэд боловсролын байгууллага болон эрүүл мэндийн байгууллагатай холбоотой хүнд суртал, татаас авдаг тухай мэдээллээр тус төвд нилээдгүй хандаад байна. Тодруулбал, Сонгино хайрхан дүүргийн 81-р цэцэрлэг хүүхдээс анги тохижуулах 40 мянган төгрөг, мөн дүүргийн 127-р цэцэрлэгийн 2 настай бүлэг анги тохижилтын мөнгө 40 мянган төгрөг, Дарханы 1-р цэцэрлэгийн ой болно гээд хүүхдүүдээс 45 мянган төгрөг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургууль анги хөгжүүлэх 25 мянган төгрөгийг эцэг эхчүүдээс шаардсан байна. Төмөр замын дээд сургуулийн дэд захирал Д оюутнуудаас хахууль авч, оюутнуудыг дарамталдаг тухай санал бүртгэгдсэн байна. Булган аймгийн Булган сумын сургуулийн биеийн тамирын талбай дээр цэцэрлэг барихаар барилгын ажил эхүүлсэн. Багш нар эсэргүйцсэн ч гүйцэтгэгч байгууллага нь: "Яам руу чинь хэлж ажилгүй болгоно шүү" гэсэн хариултыг өгчээ. Энэ мэт боловсролын салбарын шүүмжлэл их байна.

 

Эрүүл мэндийн салбарын хувьд эмнэлэгт түргэний дуудлага өгсөн ч их уддаг. Зарим дүүргийн эмнэлгүүд жижүүр эмч байхгүй гэж хариулж байх юм. Хувийн эмнэлгүүдийг цэгцлэх, эмнэлгүүд хүн үзэхдээ утсаар захиалга авч байгаа нь чирэгдэлтэй. Нэг бол утсаа авдаггүй. Нэг бол хэдэн хоногийн дараах очерыг өгч байна гэжээ. Үүнээс гадна улсын эмнэлгүүд ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх, шинжилгээ авахдаа мөнгө авч байгаа асуудлыг анхаарах хэрэгтэйг иргэд сануулсаар байна. Иргэдээс ирүүлсэн дээрх санал хүсэлт, шүүмжлэлд Эрүүл мэндийн яам болон Боловсрол, Шинжлэх ухааны яам тухай бүрт нь хариулт илгээж, шуурхай ажиллаж, саналуудыг хаасан болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top