Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй ч МАН ялагдал хүлээсэн нь тодорхой болов. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах зүйлийг тодрууллаа.
-МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нь тодорхой боллоо. Юунаас болж ялагдалд хүрсэн гэж үзэж байна вэ?
-Манай намын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа ард иргэдэд тийм ч сайн хүрэхгүй байгаа юм байна. Түүнчлэн бид орон нутгийн сонгуульд ялалт байгуулах хэмжээний мөрийн хөтөлбөр дэвшүүлэн, тэр хэмжээний итгэл, зүтгэл гаргаж ажиллаагүй гэж харж байна. Гэхдээ энэ алдаагаа бусдаас хайгаад яах вэ. Өөрсдөөсөө эхэлж хайх хэрэгтэй.
-АН-аас мэдээлэл хийхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шинэчлэл, өөрчлөлтөд иргэд сэтгэл хангалуун байгаа болохоор орон нутгийн сонгуульд олонх болсон хэмээн тайлбарлаж байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тэгж тайлбарлаж болох ч нөгөө талаасаа шинэчлэлд иргэд сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан. Учир нь, нийслэлийн 357 хэсгийн 186-д нь сонгогчдын ирц хүрээгүй. Үүнийг бид орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан цаг хугацаатай холбоотой гэж үзэж байна.
-УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт буюу Өвөрхангайн маргаан өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа. Гэтэл СЕХ-ноос тус тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн хоёр хүнийг тангараг өргүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн байна?
-УИХ дахь МАН-ын гишүүд хараахан албан ёсоор хуралдаж, ярилцаагүй. Бид өмнө нь Өвөрхангайн тойргийн шүүхийн процесс дуусаагүй байхад ард түмний сонголтоор ялсныг нь бус ялагдсан хоёрын тангаргийг өргүүлэх гээд байгаа нь зөв үү, буруу юу гэдэг асуудалд улстөрийн тэмцэл хийж байсан.
Гэтэл энэ асуудал ямар байдлаар, хэрхэн шийдэгдсэн тухай өнөөдөр ард түмэн болон УИХ тодорхой мэдээлэлгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс маргааны эцсийн шийдэл гараагүй болохоор өнөөдрийн /баасан/ чуулганы хуралдаанаар гишүүдийг тангараг өргүүлэх асуудлыг хэлэлцсэнгүй.
-Тэгэхээр иргэдийн дунд У.Хүрэлсүх гишүүний оронд УИХ-д орж ирэх Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэхтэй зэрэгцэн Өвөрхангайн хоёрын тангаргийг өргүүлэх нь гэж хардаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Арай ч тэгэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ бид асуудалд хүлээцтэй, тайван ажиглаж байгаа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл ( 0 )