СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа. Энэ үеэр түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
- УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн нөхөн сонгуульд Д.Арвин, Д.Батзориг нарын хэн нь ялалт байгуулсан бэ?
- УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт дахин санал хураалт болсон. Дахин санал хураалтыг дүнг СЕХ 22-р тойргийн хорооноос аваад хуралдсан. Улмаар Д.Арвин, Д.Батзориг нарын авсан саналыг хэлэлцсэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд Д.Арвин хамгийн их санал авсан. Ингээд Д.Арвинг өнөөдөр УИХ-д даргад гишүүнээр сонгогдсоныг танилцуулж байна.
- Хэдэн хувийн санал авсан бэ? Ирцийг тодруулахгүй юу?
- Нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн болон 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй бол дахин сонгуулийг явуулдаг. Хуулинд дахин санал хураалтад хамгийн олон санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүн болно гэж заасан байдаг. Энэ дагуу хамгийн их саналыг Д.Арвин 43.1 хувийн санал авсан бол Д.Батзориг 40 хувийн санал авсан.
- Тэгэхээр нөхөн сонгуульд ирцийн босго хувь гэж байхгүй юу?
- Байхгүй. Хамгийн олон санал авсныг ялагчаар тооцно.
- СЕХ-ноос өргөн мэдүүлснээр хэчнээн гишүүн тангараг өргөх боломжтой байна вэ?
-Одоогийн байдлаар таван гишүүний нэрийг өргөн бариад байгаа.
- Тодруулбал?
- Ц.Оюунбаатар, Г.Батхүү, Д.Зоригт, М.Сарангэрэл, Д.Арвин гишүүний нэрийг өргөн барьсан.
- Ц.Оюунбаатар маргаантай байгаа шүү дээ?
- Түүнтэй холбоотой маргаан СЕХ-нд ирсэн. Үүнийг СЕХ хэлэлцээд өмнө гаргасан шийдвэр хэвээрээ гэж шийдвэрлэсэн болохоор Ц.Оюунбаатар тангараг өргөнө гэсэн үг.
- Өвөрхангайн маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад яагаад нэрийг нь өгсөн бэ?
- Тангараг өргүүлэх асуудлыг УИХ-ын тамгын газраас шийднэ.
- Хэний гаргасан нэхэмжлэлийн дагуу, аль шатны шүүхээс гарсан шийдвэрийг харгалзан үзэж Өвөрхангайн тойрогт Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг өргөн барьсан бэ?
- Өвөрхангайн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн. Гомдол гаргагч нь хоёр тал байгаа. СЕХ шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэрээ гаргасан.
-Увс аймгийн тойргийн маргаантай холбоотойгоор Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэрийг эргүүлэн татах уу?
- Увс аймгийн шүүхтэй холбоотой мэдээлэл одоогоор СЕХ-нд ирээгүй байна.
- Орон нутгийн сонгуулийн дүнг хэзээ танилцуулах вэ?
- Өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө.
- Хэчнээн хэсгийн хороонд ирц хүрээгүй вэ?
- Сонгуулийн хороодоос мэдээлэл ирж байгаа. Өнөөдөртөө багтаад дүнгээ авна. Бүх аймагт ирц хүрсэн. Харин нэгээс зургаан хэсгийн хороонд ирц бүрдээгүй гэсэн мэдээ байгаа.
- Ирц хүрээгүйтэй холбоотойгоор гадаад дахь Монголчуудын саналыг хураана гэсэн зүйл яригдаад байгаа. Үүнийг тайлбарлахгүй юу?
- Ийм мэдээлэл гарч байна лээ. Энэ асуудал бол үнэний ортой гэж үзэж байгаа. Сонгуулийн тухайн хуулинд сонгогч гэдэг нь тухайн орон нутагтаа 180 болон түүнээс дээш хугацаагаар амьдарч байгаа иргэнийг сонгогч гэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн орон нутагтаа 180 хоногоос дээш хугацаагаар амьдраагүй бол сонгогч гэж үзэхгүй гэж заасан байгаа.
- Нэг саналын хуудсыг ойролцоогоор хэдэн төгрөгөөр хэвлэж байна вэ?
- Үүнийг хэвлэх үйлдвэртэйгээ ярьж байгаад л шийднэ дээ. Үүнийг хэлэхэд хэцүү байна. Дахин санал хураалт явуулах хэсэгт саналын хуудсыг хэвлэнэ. Өнөөдөр бид хэсгүүдээс мэдээ авч байна. Аль хэсэг хэчнээн сонгогчтой байгаа тооцоогоо аваад мэдээлнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )