УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цаг үеийн асуудлаар цөөн зүйлд тодруулга авлаа.
-Мэтгэлцээний талаарх таны бодол?
- Мэтгэлцээн сайн, маш сайн болсон. Би маш өндөр сэтгэгдэлтэй байна. С.Баярцогт гишүүн ч маш бэлтгэлтэй, сайн оролцсон. Оюутолгойн гэрээнд ард иргэдийн анхаарлыг хандуулж, гэрээний заалтууд дотор чухам юу юу байна вэ гэдгийг задалж ойлгуулах нь чухал байсан бөгөөд энэхүү зорилгодоо хүрч чадсан. Мэтгэлцээний үеэр С.Баярцогт гишүүнээс хариулт аваагүй 25 асуулт байна. Сэтгүүлчид та бүхэн дээрх асуултад УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баяр, иргэн Д.Зоригт нараас хариулт авч өгөөрэй гэж хүсье. Монголчууд бид цөөхүүлээ байж хоорондоо муудалцаж, бие биедээ субъектив хандах бус объектив байж, гол нь ярилцаж буй асуудалдаа хандаж олон түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх нь чухал гэж ойлгосон.
- Таныг мэдлэггүй, мэдээлэлгүй гэж их дайрсан?
- С.Баярцогт сандарсан, ярих зүйл багатай байсан учраас хувь хүн рүү чиглэсэн шүүмжлэл их хэлсэн болов уу? Миний хувьд ийм зүйлийг тэвчиж өнгөрөөнө. Түүнээс ч илүү гүтгэлэг, доромжлол дунд явж ирсэн хүн би. Харин ч С.Баярцогт гишүүн ёс зүйтэй байсанд талархъя.
-Мэтгэлцээний дараа Оюутолгойн гэрээ ашигтай байсан уу гэдэг асуулт үзэгчдэд хариултгүй үлдсэн гэж шүүмжлэх хүмүүс байна л даа?
- Би асуултаа тавьсан. Тэр хүний асуултад хариулсан. Миний асуултад хариулаагүй явдлыг 100 хувь би хариуцах боломжгүй. Тэр том хүн сандарна гэж байхгүй. Би нээлттэй 20 асуултаа сэтгүүлчдээр дамжуулж асууна. Би С.Баярцогтыг давлаа ч яалаа, давахгүй байлаа ч яахав. Гудамжны С.Ганбаатараараа үлдэнэ. УИХ-ын гишүүнээрээ үлдэнэ. Хамгийн чухал нь Оюутолгойн гэрээг бүх нийтийн анхаарлын төвд авчирсан нь чухал юм шүү дээ.
Уг нь сонгодог мэтгэлцээн бол слайд харахгүйгээр үгээр ярих урлаг. АНУ-ын Ерөнхийлөгчид нэг дэвшигчдийн мэтгэлцээнийг та бүхэн үзсэн байна. Даруухан, ялагдал хүлээсэн хүн шиг би харагдсан байж болно. Нэр хүндээ хамгаалаад чанга чанга дуугарч болох байсан. Энэ нь тухайн үедээ л нэр сүрээ бодсон явцуу л зүйл болох байлаа. Даруу байснаараа хүн буруудахгүй.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
- Би Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгогчдоосоо асууна. Чин үнэнийг хэлэхэд, би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүс бүтэн нойртой хоноорой. Би ирэх 2016 он хүртэл Дарханчууддаа төлөөлнө. Надад Ерөнхийлөгчид өрсөлдөх бодол огт байхгүй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )