Увс аймгийн ардчилсан намаас УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах нэхэмжлэлийг Увс аймгийн шүүхэд өгсөн билээ. Үүний дараа УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал өнгөрөгч баасан гарагт тус аймгийн шүүхэд болж, шийдвэрээ гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Увс аймагт болсон 2012 оны Улсын их хурлын сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш сурталчилгаа явуулсан, сонгуулийн хуулиар хориглосон бэлэн мөнгөний амлалтыг өгсөн, төрийн албан хаагчдыг татан оролцуулсан зэрэг нь тогтоогдоогүй тул хүчингүйд тооцсон бөгөөд тэрбээр энэ талаараа МАН-ын албан бус бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Шүүхийн шийдвэрийг яагаад эсрэгээр мэдээлж байсан бол?
-Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд 14 цаг үргэлжилсэн хуралдаанаар Б.Чойжилсүрэн бид хоёрт холбогдох маргааныг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, АН-аас шүүхэд гаргасан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах, УИХ-ын гишүүнээр тооцсон сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэлэлцээд АН-аас гаргасан хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Харамсалтай нь зарим цахим хэвлэлээр шүүхийн шийдвэрийг илт буруу мэдээлсэн. Зарим нэг хүмүүс өнгөрсөн хугацаанд бид хоёр луу хангалттай гүтгэж дайрсан. Одоо бүр шүүхийн шийдвэрийг хүртэл өөрсдийн талд гарсан мэтээр мэдээлж байгаа нь харамсалтай байна.
- Бүлгийн гишүүд мэдээлэлд ямар байр суурьтай байв?
- Амжилт хүсч байна. Ард түмний саналыг баталгаажуулсан шийдвэр гаргалаа гэж манай намын гишүүд үзэж байгаа.
-Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд хандах болов уу?
-Хуулийн дагуу л явах байх. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийг л сонссон. Өөр зүйл сонсож чадаагүй.
- Шүүхийн шийдвэр таны талд гарсан болохоор таны нэр төрийг гутаан доромжилж байсан гэсэн үг. Та нэр төрөө сэргээлгэх үү?
- Сэргээлгэж байгаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )