Хийсэн ажлаа өөрсдөө дүгнэн ярихаас илүү ард иргэдийнхээ санал шүүмжийг сонсоно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг дэлгэн харуулсан “Шинэчлэлийн Засгийн газар-100 хоног” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн түүхийн музейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд энэ Засгийн газрын үйл ажиллагаа, шинэлэг шийдвэрүүд, түүний хэрэгжилтийг гэрэл зургийн хальснаа буулгасан 100 зураг тавигджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцсон юм.

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнах цуврал үйл ажиллагааг энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүлж байгааг Ерөнхий сайд онцолж байв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Иргэдээ сонсч, тэдний өдөр тутмын амьдралд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд 100 хоногийн хугацаа багадахгүйг олон жишээнээс харлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа бид өөрсдөө дүгнэхээс илүүтэйгээр ард иргэдийнхээ санал шүүмжийг сонсохыг чухалчилж байна. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Засгийн газрын хийсэн болон хийх ажилд иргэдийн тавьж буй дүн, санал шүүмжийг илүү тод харуулаасай, дуу хоолойг нь илүү нээлттэй гаргаасай гэж хүсч байна” гэлээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь өдөр 11 дүгээр сарын 30-нд тохиох ба энэ өдрийг угтан энэ долоо хоногийн турш Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах цуврал арга хэмжээ зохион байгуулагдах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top